Бусад Төсөл, Хөтөлбөрүүд

Вашингтоны монголчууд нэг орой хорин нэгэн мянгыг босгосон нь

Сурвалжилсан Мягмарын Саруул-Эрдэнэ

Гэрэл зургийг Маналжавын Манлайбаатар

Аргын тооллын 2013 оны 4 сарын 20-ны өдөр нь билгийн тооллоор бол арван долоодугаар жарны “тийн ялгуусан” хэмээх усан могой жилийн хаврын адаг сарын арван буюу улаан луу сарын улаан луу өдөр байлаа. Балжиннямтай, идэр барилдлагатай, найр наадам хийхэд сайн энэ өдөр Вашингтон хот орчмын сайхан сэтгэлт монголчууд харин Монголд баригдаж буй хүүхдийн эмнэлэгт хандив өргөхөөр хуран цуглав.

 

Төлсөн цент бүр хандивт.

Хандивын арга хэмжээг зохион байгуулж буй Монгол Соёлын Төвийн хамт олон үйл ажиллагааг урлагийн тоглолт бүхий оройн зоог маягаар хийв. Ингэхдээ хүмүүсийн тасалбартаа төлсөн бүх мөнгө ямар ч зарлагагүйгээр, зуун хувь эмнэлгийн хандивт орохоор зохицуулж чадсан нь олзуурхууштай. Учир нь тоглолт болсон зочид буудлын цэлгэр сайхан танхимыг тэнд ажилладаг Чимгээ гэж бүсгүй үнэ төлбөргүй авч чадсан бол бүх хоол ундыг Соёлын төвийнхөн өөрсдөө болоод бусад сайхан сэтгэлтнүүд хийж авчирсан юм. Урлагийнхан маань ч, тухайлбал дуучин Э. Саран, Ж. Болормаа, Амарбүрэн, бүжигчин Б. Дэлгэрмаа, Цолмон, Цэнгэл, саундмайстер Баясгалан, Монгол сургуулийн бүжгийн хамтлагийн хүүхдүүд бүгд сэтгэлээ гарган, үнэ төлбөргүй тоглож хувь нэмрээ орууллаа.

Бүжигчин Дэлгэрмаа, Цэнгэл, Цолмон нар

Юугаараа баян, түүгээрээ дайлна

Ер нь “дэм дэмдээ, дээс эрчиндээ” , бас “юугаараа баян түүгээрээ дайлна” хэмээх хоёр зүйр сэцэн үгийн утга энэ орой бүрэн төгс харагдаж байлаа. Ди Си орчмын монголчууд Хүүхдийн эмнэлгийг босгоход хувь нэмрээ оруулахаар ёстой л мэддэг чаддаг авьяас бүрээ дайчилсан юм. Хоол цай, дуу бүжгийн тухайд бол өмнө өгүүлсэн, түүнээс гадна нэг ширээн дээр янз бүрийн үйлчилгээ, эд зүйлсийг борлуулахаар тавьсан байх бөгөөд тэр нь монгол хувь хүмүүс, бизнесийн нэгжүүд мөн эмнэлэгт өргөлөө барьж буй нь ажээ. Ачаа явуулдаг компаниуд (Амекс, Сакура) гэхэд л арав арваар нь хайрцаг явуулж өгнө гэсэн байхад оёдолчин бүсгүй (Долгор тэйлор) эрэгтэй эмэгтэй  монгол цамц оёж өгөх жишээтэй. Өд, Мөөнжий, Мандухай гэж гурван охин хичээнгүйлэн зураг зураад 50 центээр тавьсан байсныг хүмүүс өхөөрдөөд 5 доллар, Мандухай нь бүр нэлээд сайн зураач байсан учраас 25 доллар ч хүргэж авав. Хумс будах, хуруу янзлах, бүжгийн хичээл, итали гутал цүнх гэх мэтээр эд юмс, үйлчилгээнүүд цуварч өгсөн нь манайхан бас л юм юм хийж чаддаг авьяастай, тэрийгээ буяны үйлд зориулж чаддаг нүнжигтэй улс болохыг харуулах мэт.

 

Задгай мөнгөнөөс эхэлсэн хандив

Хүмүүс тасалбараа бүгд авч орж ирсэн атлаа нэмж хандив өгч эхлэв. Хандив ийнхүү урсахын эхлэлийг Энхбаярын Эгшиглэн гэж зургаан настай, бяцхан охин тавьсан юм. Охин нэг жижиг хайрцганд зоосон мөнгө цуглуулдаг юм байна. Бараг дүүрч байсан тэр хайрцгаа эмнэлэгт хандивлаж болох уу гэж ээжээсээ асуужээ. Хамгийн гол нь санааг анх ээж нь биш өөрөө гаргасан аж. Хэдэн сар ч цуглуулсан юм бүү мэд, хөөрхий, лав л дүүрэх шахсан тэр саваа бариад Ажаа рэнбүчид гардуулах мөчид ахмад буурлууд, томчуудын нүдэнд нулимс хурж, өөрсдөө мөнгө хандивлаж эхлэв. Чулуунд ажилладаг 12 залуу тус бүр зуун доллар нийлүүлээд 1200 болгоод өгч байх жишээтэй. Ингээд л тав арваас эхлээд таван мянгыг хүртэл эрвийх дэрвийхээрээ нэмсээр тасалбарын үнэнээс гадна арваад мянган доллар босгочихов.

Өчнөөн сар цуглуулсан задгай мөнгөө эмнэлэгт хандивласан Энхбаярын эгшиглэн охин

Бурханы шашны үйл ажиллагаа биш

Анхнаасаа нэг зүйл тодорхой байсан юм. Хэдийгээр эмнэлгийг санаачилсан Ажаа гэгээнтэн Бурханы шашны рэнбүчи хүн боловч энэхүү үйлийг шашинтай огт хутгахгүй, цэвэр эрүүл мэндийн чиглэлээр, мэргэжлийн сайн эмнэлэг барина гэсэн зорилгоо хэлсэн, манайхан ч тэрнийг нь сайн ойлгосон байсан юм. Тийм ч учраас үйл ажиллагаан дээр шашны ном, тарни унших байтугай, шашны тухай яриа ч огт гараагүй. Вашингтон хот орчимд амьдардаг Христийн сүмийн пастор, Христэд итгэгчид, Мормон болон бусад шашинтай монголчууд ч тийм учраас олуул ирсэн, бас хандиваа өргөсөн юм. Ер нь зөвхөн монголчууд ч гэлтгүй Монголыг дэмждэг америкчууд ч ирсэн байлаа.

 

Орчид-хязгаар-хийморь

Хандивын зоогийн оргил хэсэг нь зураач Дамбын Цолмонгийн уран бүтээлийг дуудлагаар худалдах мөч байлаа. Ди Си хот орчмын монголчуудын нэг авьяаслаг төлөөлөл болсон зураач Цолмон монгол ахуй, соёлыг өвөрмөц хийсвэр зургаараа дамжуулан дэлхийд таниулан түгээж яваа уран бүтээлч билээ. Түүний “Орчид-хязгаар-хийморь” нэрт бүтээлийг Ажаа гэгээн шүншиглэсэн аж. Ингээд бүтээлийг 500 доллараас эхлэн дуудав. Монгол сургуулийн эцэг эхийн зөвлөлийн дарга Мийгаа, Монгол Соёлын Төвийн Спорт хариуцсан ажилтан Доржсүрэн, гишүүн Дэлгэрмөрөн, Хишгээ нар бүтээлийг 50, 50 доллараар үнэ өсгөн өрсөлдөж эхэллээ. Үнэ мянгад хүрснээр дүрэм ёсоор хамгийн доод тал нь 100-гаар өсгөж эхлэв. Өрсөлдөөнд Мийгаа, Доржсүрэн нар тунаж, үнийг өсгөсөөр Мийгаа 1700 доллараар “цохин” тэр сайхан бүтээлийг ханандаа залах эрхтэй болов.

Зургийг зурсан, дуудсан, авсан гурав

Төгсгөл буюу 21 хүрсэн нь

Ингээд Монгол Соёлын Төвийн ажилтнууд хандиваа тооцон бүртгэх, тоолон хүлээлгэх ажилд яаравчлан орцгоов. Тасалбарын үнэ дээр бяцхан охины цглуулсан задгай мөнгийг нэмээд $6776.50 боллоо. Хандив $10.375, үйлчилгээ, зарсан барааны үнэ $711 болжээ. Үүн дээр дуудлагаар зарсан зурагныхаа үнийг нэмбээс $19.535 доллар болсныг зарлаад гардуулах гэтэл Аариймаа хэмээх бүсгүй “20 хүргэчихье, би 400 нэмлээ” гэдэг юм байна. Хорийгоо өгөх гэтэл үсчин Нанси амжаад 60 доллар хандивлачихав. Үүнийг нь өгөх гэтэл Цацаа хэмээх бүсгүй “хорин мянга жар гэхээр онцгүй юм, нэг зуу болгочихъё” гээд дөчин доллар нэмчихдэг юм байна. Ингээд 20100-аа өгөхөөр явж байтал тогооч Б.Амраа эгч “400-г нэмээд 21 мянга болгоё, хорин нэг их сайхан тоо” гэдэг юм байна. Ингэж л нэг орой нийлж, амтат хоол идэн амралтаа сайхан өнгөрөөнгөө Вашингтон хот орчмын монголчууд “Цусны эмгэг, хорт хавдартай хүүхдийн эмнэлэг”-т 21 мянган доллар босгож чадсан билээ.

Хандивын арга хэмжээг зохион байгуулсан Монгол Соёлын Төвийн баг. Арын эгнээний баруун гараас эхнийх нь үйл ажиллагааг санаачлан, ерөнхий мэнэжэрээр ажилласан Маналжавын Дэлгэрцогт

Ажаа гэгээн: Монгол түмэнд суваргаас илүү эмнэлэг буянаа өгнө

Амархан сайн байна уу, та? Таны буяны үйлсэд гүнээ талархаж байна. Монгол улсын төлөө сэтгэл зүрхээ гаргаж байгаад тань баярлалаа. Анх Монголд айлчилсан тухайгаа дурсвал?

Та бүхэн мэдэж байгаа, миний бие Хөхнуурын монгол хүн. Улс төрийн шалтгаанаар нутгаасаа дүрвэн гарч, одоо АНУ-ын иргэн болсон байгаа. Анх Монголд хөл тавиад л сэтгэл маш их хөдөлсөн билээ. Юу гэвэл онгоцны буудал дээр буугаад л бүх хүн монгол хэлээрээ хэлэлцэхийг сонсох ямар сайхан байсан гээ. Хил гаалиас эхлээд хотын гүнд орж, банк, үзвэр бүхий л газар дан монгол хэлээ сонсоход бахархалтай, хөөрөлтэй санагдаж байлаа. Хөхнуурт хөдөө монголчууд монголоороо хэлэх нэг нь хэлнэ, хотод орвол сайхан монгол хэл сонсохгүй болно доо. Түвд мөн ялгаагүй, төр, улсын байгууллага, банк зэрэг газар түвдээр ярихгүй болж байгаа. Аялгуу сайхан хэл хэвээрээ байхыг сонсоод л жинхэнэ Монгол бол энэ гэж бодож, сэтгэл өөрийн эрхгүй татагдсан юм.

Эмнэлэг босгох ажлын санааг хэрхэн олов?

2009 онд миний бие бас нэг удаа Америк, Хонг-Конг, Тайвань, Японы шавь нартайгаа Монгол явсан юм. Явсан учир нь юу гэхлээр шавь нар маань Монголд яаж буян үйлдэх вэ гэж их асуудаг юм л даа. Тэгэхээр нь Монголд тэднийг туслуулъя гээд шавь нараа аваад очлоо. Олон газар буян хийсэн. Тэр үед Монголд үер болж, олон хүн орон гэргүй болсон байлаа. Хориод айлд бүрэн хэрэглэлтэй гэр бэлэглэсэн. Өнчин хүүхдийн асрамжийн газар очиж, бүх хүүхдэд пүүз, боов чихэр тараасан. Хараагүй хүүхдийн сургуульд тусламж гардуулсан. Бас Дашчойлин хийд дээр ядарсан зүдэрсэн ардад тусалъя хэмээн хоол унд, гурил будаа, элсэн чихэр тараасан юм.

Энэ бүгдийг хийхэд нэг асуудал байлаа. Яг тусламж хэрэгтэй, хэцүү хүмүүс хаа байна вэ гэхээр бид өөрсдөө яваад олж чадахгүй, Монголд хүмүүстэй харилцахаар чухам тийм, хэрэгцээтэй хүнийг нь энэ энэ гээд заагаад өгдөг, хариуцсан албатан байдаггүй юм байна. Тэгээд тусламжаа хийд дээр тараалаа л даа. Тэгтэл яг ядарсан, хэцүү хүмүүс нь ирж чаддаггүй юм байна. Гурил будаа, элсэн чихэр, боов чихрийг бөөн бөөнөөр нь авч байгаа хүмүүсийг нь манай шавь нар хэлж байдаггүй юу: “Энэ хүмүүс шанелийн нүдний шилтэй, Луи ямар юм гэлээ (Louis Vuittonийг хэлж байна. М.С.), цүнх барьчихсан, тэгээд будаа авч байдаг” гээд гадаад шавь нар маань их гайхаж байна. Нэгд, ингэж тусламж хүрэх эзэндээ хүрэхгүй байгааг, хоёрт хүрлээ ч нэг идээд, өмсөөд дуусчих юм олигтой буян болохгүй юм байна, ерөөсөө үлдэхүйц, удаан хугацаанд хүнд тус болохуйц юм хийе гэж бид бүгд шийдлээ. Ингээд тэр аяллын дараа шавь нартайгаа хурал хийсэн юм. Эмнэлэг барья гэдэг санал тэндээс гараад ямар өвчнөөр монголчууд хамгийн их өвддөг, зовдог юм бэ гээд судлаад үзтэл, элэг, хавдар хоёр байлаа. Ингээд хавдрын эмнэлэг барихаар шийдсэн юм.

Эмнэлэг барих үйл ажиллагаа хэрхэн эхлэв? Ямар хүмүүс танд туслав?

Би нэг жирийн лам хүн, эмнэлэг барья гэхнээ яаж барихаа бас мэдэхгүй шүү дээ. Тэр үед хамгийн сайн ойлгож, тусалсан хүн бол Хотын захиргааны орлогч дарга байсан Баатарзориг гуай. Их сайхан үйл байна гээд дэмжиж, Яармагт газар олгосон. Мөн тэр үед УИХ-ын гишүүн байсан Батж Батбаяр гуай байна. Асуудлыг Засгийн газарт танилцуулж, эхнээс нь сайхан дэмжсэн улс.

Ингээд япон найз нартайгаа, бас Японы засгийн газартай юуны түрүүнд яриад япон тоноглолтой болгохыг тохирсон юм. Яагаад заавал япон гэсэн бэ гэхээр нэг ийм учиртай. Би ер нь орчин үеийн эмнэлэгт их очдоггүй, уламжлалт эм тан хэрэглэдэг хүн л дээ. Тэгээд нэг удаа Японд явж байтал найзууд, шавь нар маань энд нэг бүх биеийг нэг дор үздэг, өвчин зовлонг хурдан, эрт оношилдог газар байдаг юм, та заавал үзүүл гэж ятгасаар байж оруулчихлаа. Тэгсэн тэр нь хүний биеийг бүгдийг нарийн үздэг, цус, шээс зэргийг шинжилдэг, шинжилгээний дараа цус өгсөн, ядарч байгаа гээд хоол цай хүртэл өгдөг, үнэхээр сайхан эмнэлэг байна. Нэг эмнэлэгт л бүх юмыг нэг дор үзчихдэг, япон төхөөрөмж гэдэг их сайн юм байна. Тэгээд энийг л Монголд барьчих юм сан гэж бодох болсон юм. Ер нь энд тэнд сайхан юм харахаараа л энийг Монголд хийвэл түмэн олонд мөн тустай юм даа л гэж боддог.

Яармагт эмнэлгээ барихаа болиод Эх нялхасын төвд барихаар болсон нь ямар учиртай юм бэ?

Яармагт тэр үед дэд бүтэц хүрээгүй байлаа. Ус цахилгаан, хоолой юу ч байхгүй. Тэрийг хүлээнэ гэвэл их удаашрах төлөвтэй болоод ирэв. Тэгээд тэр үед Эрүүл мэндийн сайд байсан Ламбаа гуайтай уулзаад, яг одоо Монголд хэрэгтэй, бариад өгчих эмнэлгийн зүйл юу байна вэ гэж асуутал “Эх нялхасын төв гэж ийм эмнэлэг байдаг. Тэнд ялангуяа цусны хавдартай хүүхдүүд урт хугацааны эмчилгээ шаардлагатай учир хэцүү, хөдөөний хүүхэд бол аав ээжид нь орох газар байхгүй болдог, эмнэлгийн хонгилд хүртэл унтдаг” гэх мэтээр тайлбарлаж өглөө. Ингээд тэр Эх нялхасын эмнэлгийн дотор тусгай “Цусны эмгэг, хавдартай хүүхдийн эмнэлэг” барихаар болсон юм.

Ажил одоо ямар байдалтай явж байна даа?

Өнгөрсөн таван сард шав тавих ёслолоо хийсэн. Ноднин бороо их орж, сууринд нь ус тогтоод. Усыг шавхаж гаргахад жаахан цаг алдсан. Тэгээд ажлаа үргэлжлүүлээд хоёр давхар хүртэл барьчихсан байгаа. Төлөвлөгөө ёсоор бол энэ 9 сард эмнэлгийнхээ байр, гадна талыг дуусгаж Засгийн газарт хүлээлгэж өгөх санаатай буй. Хүлээлгэж өгчхөөд орхиод яваад өгөх юм биш л дээ. Үргэлжлүүлээд доторх бүх тоног төхөөрөмжийг тавьж өгнө. Барилгын нээлтийг 9 сарын 21 гэж бодож байгаа.

Олон нийт хэр дэмжиж байна вэ? Өнөөдрийн энэ болж байгаа шиг арга хэмжээ хаагуур хаагуур болов?

Буянтай сайхан шавь нар, бусад олон хүний дэмжлэг хандиваар энэ эмнэлэг босч байгаа юм. Үндсэн эхлэл хөрөнгийг Хонг-Конг, Тайвань дахь шавь нар маань гаргасан. Үүн дээр гадаадад байгаа монголчууд маань их тусалж байгаа. Жишээлбэл, өнгөрсөн оны хоёр сард Дэнвэрийн монголчууд сайхан хандивын үйл ажиллагаа хийлээ. 9 сард Сиэттлийн монголчууд төрсөн өдрөөр маань арга хэмжээ зохиолоо. Саяхан Лос-Анжелесийн монголчууд буяны аян өрнүүллээ. Чикагод олон монгол холбоо, байгууллага байдаг юм байна. Тэд бүгд нийлээд уриалга гарган, мөнгө төгрөг хандивласнаас гадна одоо 5 сард арга хэмжээ зохион байгуулах гэж байна. Вашингтоны монголчууд маань өнөөдөр ингээд их сайхан юм хийж байна. Зөвхөн АНУ-д биш, дэлхийн бусад улс дахь монголчууд ч дэмжин тусалж байгаад их баяртай байгаа.

Би энэ өвөл Оксфордын Их Сургуульд уригдаж, хоёр сар багшилсан юм. Тэгэхэд Их Британийн монголчууд цагаан сараар буяны сайхан ажил хийлээ. Японд, хоёр сард Амартүвшин гэдэг морин хуурч хандивын тоглолт зохион байгуулж, өөрөө нэг ч зоос авахгүйгээр, эмнэлэгт бүх орлогоо өглөө.

Мөнгөтэй хүмүүс манайд буян үйлдэж байна гэж ихэвчлэн суварга, хөшөө барих ажилд мөнгөө зарж байгаа харагдаад байдаг юм. Энэ талаар юу бодож байна вэ?

Хүнд шууд тус, буян болж чадах юм илүү хэрэгтэй юм уу гэж би боддог юм. Би өөрөө лам хүн учраас суваргад их дуртай л даа. Гэвчиг хөдөө нэг аманд суварга барьчихдаг, тэгээд тэрийгээ жил бүр сайхан арчилж тордохгүй бол өнгө будаг нь хуурна, тэндээ мартагдана, хүнд тус болохгүй. Эмнэлэг бол үлдэж хоцрох буян юм. үр хүүхдүүд маань, тэдний хүүхдүүд эмчлүүлээд эдгээд явна.

Энэ дээр нэмээд бас нэг зүйлийг хэлэхэд зарим хүн хандив өгөхдөө “За Рэнбүчи энэ танд тусалж байгаа юм шүү” гэж хэлдэг юм. Би тэгэхээр нь тайлбарладаг, “Энэ миний эмнэлэг биш ээ, Монголын ард түмний эмнэлэг юм шүү. Би Улаанбаатарт амьдрахгүй, хувийн эмнэлэг бариагүй, Засгийн газарт хүлээлгээд л өгнө шүү. Та харин Монгол хүүхдэд сайхан тусалж байгаа юм аа” гэж.

За баярлалаа. Эцэст нь танаас Монголд байгаа, мөн гадаадын бусад улс оронд суугаа монголчууд маань хандив өргөе гэвэл ямар дансаар хэрхэн холбогдох мэдээллийг авъя.

За гялайлаа. Монголд, АНУ-д хоёр данс байгаа. Энэ зурагт хуудас дээр мэдээлэл нь бий. Пэй пал гэдэг үйлчилгээгээр бас хандив өргөж болно, тэгвэл Америкийн монголчуудын www.dayarmongol.com гэдэг вэб рүү ороод баруун талд байгаа зурагт хуудас дээр дараад мэдээлэл авч болно оо.

Ер нь энэ дансаар байнга хандив илгээдэг хүмүүс ч байдаг юм. Чикагод нэг өвчтэй хүн хардаг эмэгтэй бий. Сар бүр цалингаасаа 20 долларыг алдалгүй явуулна. Тэр нь одоо хоёр жил болж байна, их мөнгө болдог юм байна. Оакландаас бас нэг эмэгтэй сар бүр зуун доллар таслахгүй л хийгээд байдаг. Тийм их сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг юм.

Мэдээлэл авах зурагт хуудас