2007

Монгол хэл соёлын зуслан анх удаагаа хичээллэсэн нь

 

Долоодугаар сарын 20-28, 2007

Bloomington, Indiana

 

Манай Монгол Соёлын Төв, Төвдийн Соёлын Төв , Блүүмингтон хотын Монголчууд, Чикаго хотын Mongolian-American Association-тай хамтран АНУ-д анх удаа Mongolian Cultural Summer Camp-ийг амжилттай зохион байгууллаа.

Зусланд нийт 15 хүүхэд ирсний хамгийн бага нь 10 настай, том нь 15 настай байв. Монгол үсгээр уншиж бичиж чаддаг 9, Монголоор бичиж мэдэхгүй 6 хүүхэд байв. Үүгээр нь хүүхдүүдийг ангилан хоёр анги болголоо. Хүүхдүүд гурван гэрт хуваагдан байрласан болно.

Хүүхдүүд 7 сарын 20-ны өдөр зусланд ирцгээсэн бөгөөд энэ өдөр хичээл эхлээгүй.

21-ний өдөр нэг анги нь Монгол – кирилл үсэг үзсэн бол нөгөө анги нь Монголчуудын хамгийн дуртай дуу болох “Халуун Элгэн Нутаг” хэмээх дууны үгийг задлан шинжилж, Англи хэлэнд орчуулан сурцгаалаа.

22-ны өдөр Индианагийн Их Сургуулийн судлаач, доктор М. Саруул-Эрдэнэ “Монгол улсын тухай ерөнхий ойлголт” хичээл заалаа. Дараа нь Ням гараг таарсан тул хүүхдүүд маань Жамцэ Лин хийдэд очиж, Ажаа гэгээний ном айлдахыг сонсч бага хугацаанд бясалгал үйлдэв. Үдээс хойш хүүхдүүдийг задгай бассейнд сэлүүлэн тоглуулсан болно.

23-нд өглөө Индианагийн Их Сургуульд хуулийн ухаанаар мастер хамгаалахаар сурч буй С.Эрдэнэболд ирж, “Эх орон юунаас эхлэх вэ?” хэмээх хичээл заав. Үдээс хойш Индианагийн Их Сургуулийн судлаач, хөгжим судлаач др Л. Эрдэнэчимэг ирж хүүхдүүдэд Монгол ардын дуу, бүжиг заалаа. Энэ орой унтахын өмнө Жулиа Робертсийн “Wild Horses of Mongolia” киног үзэж, дүгнэн ярилцав. Орой бүр унтахын өмнө бүх хүүхэд тойрон болон зогсоод Монгол дуу дуулж байсан болно.

24-ний өглөө М. Саруул-Эрдэнэ нэг ангид Монгол бичиг, Ц. Наранцэцэг нөгөө ангид Кирилл бичиг үргэлжлүүлэн заав. Үүний дараа хүүхдүүдэд Монгол хоол хийх хичээл зааж, өөрсдөөр нь хийлгэсэн. Үдээс хойш зураач Оксана хүүхдүүдийг байгальд суулган зургийн хичээл зааж, мод, суварганы зураг зурууллаа. Орой нь сагссан бөмбөгийн тэмцээн хийв. Монгол хүүхдүүд ихэнх нь спортын тэицээнд их дуртай байдаг.

25-ны өглөө Монголын Удирдлагын Академийн Нийгмийн Хөгжлийн Сургуулийн багш, др П. Увш ирж нийт хүүхдүүдэд Монгол төрөл садны нэрийг зааж өгөв. Үүний дараа М. Саруул-Эрдэнэ Чингис хааны төрөл саднаар Монгол диаграм хийлгүүллээ. Үдээс хойш др Эрдэнэчимэг ирж, Монгол ардын хөгжмийн түүхээс зааж өглөө. Энэ орой хүүхдүүдийн дунд хөлбөмбөгийн тэмцээн зохион байгуулав.

26-ны өглөө АНУ-д хэвлэгддэг “Даяар Монгол” сонины эрхлэгч Б. Номинчимэд Монгол гэрийн тухай болон Монгол Ардын аман зохиолын тухай заав. Үүний дараа Индианагийн Их Сургуультай танилцан аяллаа. Орой Индианагийн Их Сургуулийн Монгол судлаач Мелисса Жакарс ирж Буриад Монголчуудын тухай яриа хийв.

27-ны өдөр бид үзсэн бүх хичээлээ давтаж, орой үдэшлэг галын наадам хийсэн юм.

Mongolian Cultural Summer Camp маш амжилттай хичээллэн дууслаа. Монгол, Төвд олон хүн сайн дураараа ажиллав. Багш нар ихэнх нь эрдмийн өндөр зэрэг цолтой, Монголчуудын дунд нэр хүндтэй хүмүүс байв. Хүүхдүүдийн эцэг эх нар сэтгэл хангалуун байсан бөгөөд дараа жил дахин ажиллуулахыг хүсч байлаа. Ямар нэг гомдол, осол гараагүй болно.

Монголоор бараг ярьдаггүй ирсэн хүүхдүүд ярьдаг болоод буцсан бөгөөд бид нийт зуслангийн явцад хүүхдүүдийг зөвхөн Монголоор ярих шаардлага тавьж байсан юм. Хүүхдүүд олон дуу шүлэг, Монгол ардын бүжиг бас сурсан болно.