2008

АНУ дахь Монгол Хүүхдийн Зуслан Хоёрдахь Удаагаа

 

Өнгөрсөн жил АНУ дахь Монгол Соёлын Төв Монгол хүүхдүүдийнхээ дунд зуны сургалт явуулъя хэмээн санаачилга гаргасныг Индиана муж дахь Төвд Монголын Шашин Соёлын Төвөөс дэмжин сайшааж, өөрийн эдлэн газраа хэл соёлын хичээл бүхий зусланг амжилттай хичээллүүлсэн билээ. Энэ удаад тус хоёр байгууллага хамтран хоёр дахь удаагийнхаа зусланг нээв.

 

Монгол гэрт 25 анд

ТМШСТ-ийн таван ханатай таван монгол гэрт 25 монгол жаал тухлан байрлав. Тэд Вашингтон Ди Си, Виржиниа мужийн Арлингтон хот, Мариланд муж, Сиэттл хот, Чикаго хот, Миссури муж, Охайёо мужийн Синсиннати хотоос иржээ.

 

Зуслангийн нээлтэд эрдэмтэн мэргэд, гэгээнтэн лам нар оролцов.

7 сарын 13-ний өдөр Монгол Хүүхдийн Зуслангийн нээлт болж, хүрэлцэн ирсэн эцэг эхчүүд, хүүхэд багачуудад зориулан Ажаа Рэнбүчи болон Энэтхэг улсаас Далай ламын тусгай урилгаар хүрэлцэн ирсэн Парэ Рэнбүчи нар ном айлдав. Мөн Индианагийн Их Сургуулийн Төв Еврази Судлалын Салбарын захирал, Монгол судлаач, доктор, профессор Кристофер Этвүд, Католикийн шашны эцэг лам Бэнэдикт, Удирдлагын Академийн Нийгмийн Хөгжлийн Сургуулийн захирал, профессор П. Увш, Индианагийн Их Сургуулийн багш Л. Цэрэнчунт, Монгол судлаач Тристра Ньюеэр нарын хүндэт зочид оролцлоо. Монгол хүүхдүүд өөрсдөө хөгжим тоглон, бүжиг бүжиж нээлтээ сонирхолтой сайхан болгов. Тоглолтын дараа оройн зоог барьсан бөгөөд тэрхүү зоогийг хүндэт зочид болон хүүхдүүддээ зориулан Блүүмингтон хотын Баттулга, Эрдэнэчимэг нар ивээн тэтгэн барьсныг дуулгахад таатай байна.

 

Багш, сайн дурынхан

Манай зусланд ажиллахаар хүүхдэд элэгтэй олон хүн сайн дураараа ирэн тусалж байна. Бид хүүхдүүдээ хэлний мэдлэг, насаар нь гурван анги болгон хуваасан юм. Хамгийн бага нь дөнгөж тавтай, том нь 10-тай бяцхан хүүхдүүдэд Монгол цагаан толгой зааж байна. Энэ ангийн багшаар Монгол сургуулийн багш Жаргал, зусланг тусгайлан зорьж бүр Монгол улсаас ирсэн, “Идэр” дээд сургуулийн декан Жамьяансүрэнгийн Бурмаа нар ажиллаж байна. Голчлон Вашингтон Хотын Монгол сургуульд монгол хэл заалгасан хүүхдүүд хоёрдугаар ангийг бүрдүүлэн Монгол хэлээ бататган суралцаж байна. Индианагийн Их Сургуульд Хуулийн ухаанаар мастер хамгаалахаар суралцаж буй Сүхбаатарын Эрдэнэболд, Вашингтон Хот Орчмын Монголчуудын Холбооны тэргүүлэгч гишүүн Жамьяансүрэнгийн Алимаа нар 2-р ангийнхны багш. Монгол хэлээрээ чөлөөтэй уншиж бичдэг хүүхдүүд гуравдугаар анги болж, гүнзгийрүүлсэн хичээл үзэж байгааг миний бие удирдан хичээллүүлж байна. Зуслангийн нийт үйл ажиллагааг Төвд Монголын Шашин Соёлын Төвийн Монголыг хариуцсан ажилтан М. Саранцэцэг ерөнхийд нь удирдан зохион байгуулж байна. Сиэттл хотоос Энхтуяа хэрэг болгон ирж ажиллаж байгаагаас гадна 18 настай Дэлгэрцогтын Ану охин амрахынхаа зэрэгцээгээр дүү нартаа хоол цайгий нь бэлдэхэд тусалж байна. Ерөөсөө нэг үгээр хэлбэл тал талаасаа бүгд дэмжин, олны хүч оломгүй далай гэдэг болж байна.

 

Өглөө болгон хичээл, өдөр болгон спорт

Манай зуслангийн хуваарь ёсоор өглөө болгон Монгол хэл соёлын хичээлтэй, өдөр болгон спортын уралдаан тэмцээнтэй. Эхний өдрийн хичээл дээрээ Эрдэнэболд багш асуулт хариултын тэмцээн явуулав. Эвт ямар шувуу бугыг барьдаг вэ? гэсэн асуултад Тагтаа гэсэн хариулт ирэв. Айргийг яаж исгэдэг вэ? гэхэд нэг хүү “Дээшээ – доошоо, дээшээ – доошоо” хэмээн үзүүлж байлаа. “Болдоггүй бор өвгөн” гэдэг ардын үлгэрийг хэн зохиосон бэ? гэсэн толгой эргүүлсэн асуултад нэг охин “Тэр өвгөн өөрөө зохиосон байлгүй” гэж хариулав. Нэг ийм хэдэн хөөрхөн хүүхэдтэй, инээд хөөртэй, бас заримдаа загнаж зандраад л зуслан маань сайхан явж байна даа.

 

МОНГОЛ ХҮҮХДИЙН ЗУСЛАНГИЙН СОНИНООС

 

Усан санд хөгжилдөн наадав

Мягмар гаригийн үдээс хойш бид Блүүмингтон хотын төвд орших “Брайн” хэмээх цэцэрлэгт хүрээлэнд усан санд сэлэн наадсан юм. Слайд хэмээх өндрөөс гулган ирж шумбах гулсуур, усанд үсрэн орох тавцан бүхий тэр томоохон бассейнд хүүхдүүд маань эцэж цуцахыг үл мэдэн тоглон наадав. Усан санд бүх хүүхдийг оруулах мөнгийг хаа хол Япон улсаас Токиогийн Монгол Академийн захирал, доктор Ч. Чимэгбаатар ах нь гарган илгээснийг энд дурдахад таатай байна. Мөн сэлж байхдаа хүүхдүүд маань бүгд мөхөөлдөс амтархан идсэн байгаа, тэр мөхөөлдөсийг Католикийн хар лам Бэнэдикт гуай авч өгсөн юм. Бэнэдикт Ажаа гэгээнийг ном айлдахад байнга ирж суудаг, өөрөө Буддын шажны агуулга, сургаал нь хүний сайн сайханд, дотоод ариусалд чиглэсэн, тиймээс өөрөө Каталокийн шажны хүн боловч Буддын сургаалийг сонсох хэрэгтэй гэж үздэг хүн байгаа юм.

 

Лиланд Рожерсийн хоёр лекц

Индианагийн Их Сургуульд Монгол судлалаар докторын зэрэг хамгаалахаар сурч буй Монгол судлаач Лиланд Рожерс хоёр орой ирж хүүхдүүдэд маань лекц уншив. Эхний орой тэрбээр “Монголын Нууц Товчоо”, “Алтан Товч”-ийн англи орчуулгаас хүүхдүүдэд маань англи хэлээр уншиж өгсөн юм. Маргааш нь харин Чингис хаанаас өмнө Азид ямар ямар улс хаана хаана байсан, Чингис хаан юу хийсэн, түүний дараа ямар ямар улс бий болсон гэдгийг Power Point ашиглан маш тодорхой, ойлгомжтой ярьж өглөө. Ялангуяа хөвгүүд маань энэ яриаг ихэд амтархан сонссон болно.

 

Гэрийн  тухай гэрт заав

Төвд Монголын Шашин Соёлын Төвд ажиллаж буй Монгол уншлагат “Буян Арвижих” хийдийн лам Ш. Идэрсуут хүүхдүүдэд Монгол гэрийн тухай хичээл заалаа. Ингэхдээ гэр дотор, үзүүлж харуулж байгаад заасан нь үр дүнтэй байв. Хүүхдүүд маань бороо орохоор өрхөө бүтээх, халуун өдөр хаяагаа шуух зэргийг ойлгож авлаа. Гэр доторх хичээл дээрэ бид бас “Өөрийн гэрээ бариач дээ, өрхний чинь оосрыг татъя даа” гэсэн алдарт мөрийг хэлж, Монгол айл гэр төвхнөхөд эр нөхөр болон гэргийн үүрэг юу байдгийг ойглуулахыг оролдсон болно.

 

Нэрт эрдэмтнээр лекц уншууллаа

Америкт төдийгүй дэлхийд Монгол судлалаар тэргүүлэх эрдэмтдийн нэг, доктор Кристофер Этвүд багшаас номын дуу сонсох хувьтай байжээ, манай хүүхдүүд. Багш “Төрийг дээдлэх ёс” сэдвээр ярьсан юм. Ингэхдээ Монголын Нууц Товчоо” болон аман зохиолоос жишээ татан Монголчууд эртнээс нааш төрийг хэрхэн дээдэлж ирснийг тайлбарлав. Жишээ татан ярьсан үгсээс нь заримыг дурдахад:

Ах, ах! Бие тэрүүт, дээл захат сайн. – Brother, brother! If a body has a head, if a robe has a collar – it is good. (МНТ – 34-р бүлэг)

Адуунд азаргагүй бол

Сүрэг болж чадахгүй

Галуунд тэргүүнгүй бол

Цуваа болж чадахгүй

 

If there is no stallion among the horses

There can be no herd

If there is no leader among the geese

There can be no formation (Зүйр сэцэн үг)

 

Хөлбөмбөг, сагс, волейболын тэмцээн

Үдээс хойшдоо бид спортын арга хэмжээ зохиож байв. Хөлбөмбөгийн тэмцээн маш сонирхолтой болж, том жижиг бүх хүүхэд, охидууд ч бүгдээрээ ана мана өрсөлдсөн. Монгол хүүхдийн нэг сайн чанар байна. Тэмцээн уралдаанд үнэн голоосоо тоглож, ихэд өрсөлддөг. Өрсөлдөөнийг зөв залбал хүүхдийн өсөн дэвших, амжилт гаргахад маш чухал ач холбогдолтой билээ. Ингээд хөлбөмбөгийн тэмцээнд Илд, Содбилэг, Цэвээндорж, Намжилсүрэн, Танан нарын баг аваргалж, харин сагсан бөмбөгт Чингүүнбаатар, Данзан, Мижиддорж, Илд нар тэргүүн байр эзлэв. Харин волейболын тэмцээн нэг тиймэрхүү, учир нь хүүхдүүдийнхээ шилдэг багийг багш нар нь хожчихсон юм. Уучлаарай, хүүхдүүд ээ!

 

Мэндлэх хүндлэх ёс, Монгол овог

Удирдлагын Академийн Нийгмийн хөгжлийн сургуулийн захирал, доктор П. Увш хүүхдүүдэд маань Монгол гэр бүл, овгийн тухай, түүний гэргий Индианагийн Их Сургуулийн багш Л. Цэрэнчунт мэндлэх хүндлэх ёсны талаар яриа хийв. Хүүхдүүд авга, нагац, үеэл, ая зээ, худ гэж хэн болохыг сурч, өөрийн гэр бүлийн загварыг зурсан байгаа. Мөн Монгол судлаач Тристра ирж Монгол цамын тухай, Равжаагийн театрын тухай ярьж өгсөн болно.

 

Биллиард тоглож, Индианагийн Их Сургуулиар зочлов

Пүрэв гаригт бид бас л завгүй өнжлөө. Блүүмингтон хотноо орших Q-Billiard хэмээх биллиардны газрын эзэн Баттулга ах нь хүүхдүүдийг маань хүлээн авч биллиард тоглуулан, хүйтэн ундаагаар дайлав. Тэндээс гараад бид Индианагийн Их Сургуулиар аяллаа. 1820 онд байгуулагдсан, өдгөө 100 мянга орчим оюутантай энэ сургуулийн олон сайхан анги танхимыг танилцуулан ярьсан нь хүүхдүүдэд маань сайн сураад Их сургуульд сурах хүсэл эрмэлзэл төрүүлсэн болов уу. Доржнамжил гэж хүү Индианагийн Их Сургуулийн ерөнхийлөгчөөр олон жил ажилласан Херманн Үэлсийн хөшөөн дээр ирээд гар барьж, үнэн голоосоо “За ах аа, их сайхан сургууль байна. Би танай сургуульд ирж сурна аа” хэмээн хэлж байна. Дараа нь бид Индианагийн Их Сургуулийн Урлагийн музейг үзэв. Жижиг боловч тэр галлерейд Пабло Пикассо, Хэнри Мүүр, Диего Ривейра, Бэкманн, Дубуфе зэрэг олон алдарт зураачийн эх бүтээлүүд байдаг.

 

Жүжигчилсэн хичээл

Зуслан дээр маань Индианадолис хотноо орших “Энх Тайванд Суралцах Төв”-ийн багш нар, жүжигчид ирж маш сургамжтай хичээл зааж өгөв. Нэг нэгнээ дооглох, дээрэлхэхэд тэр хүүхдэд хэчнээн хэцүү байдгийг жүжигчид хүүхдүүдийг маань оролцуулан тоглон үзүүлж, энэ нь ч тэдэнд нөлөөлсөн бололтой. Хүүхдүүд л хойно нэгнийгээ нийлж шоолно, үймүүлнэ, гэхдээ тэр нь ямар муу нөлөөтэй болохыгэнэ удаад өөрсдөө үзэж авав…

 

Чулуун дээр үсэг сийлж, хүүхэлдэйнд дээл хийв

Чулуу

Нэгэн өглөө Зуслан дээр маань Казахстаны Арихитекторын Хүрээлэнг төгссөн, зураач Оксана Фаган хүрэлцэн ирэв. Оксана бол татаар гаралтай, Монголд элэгтэй эмэгтэй. Тиймдээ ч бүр Индианаполис хотоос маш их материал бэлдэн иржээ. Өнгөрсөн жилийн зуслан дээр Оксана хүүхдүүдэд усан будаг, цаас авчирч байгалийн сайханд суулган уран сайхан зураг зурахыг зааж өгч байсан юм. Энэ жил харин бүр сонин бэлэгтэй иржээ. Эхлээд тэрбээр хүүхдүүдэд нэг нэг цэрд өгч цемэнтэн дээр “Ум” гэсэн маанийн эхний үсгийг бичүүлэв. Бүгд бичиж сурсны дараа хүүхэд болгонд нэг нэг чулуу өглөө. Ингээд чулуу, метальд зориулсан тусгай будаг, бийр гаргаж мөнөөх “Ум” үсгийг жижиг чулуун дээр сийлүүлэв. Хүүхдүүд урлагт маш дуртай, тун нямбай бичиж байлаа. Зарим нэг нь чулууныхаа нөгөө талд Монголоор бас бичив. Номин-Эрдэнэ “ном” гэж, Илд “Монгол” гэж, харин Намжилсүрэн “Эрх” гэж бичсэн байна. Намжилсүрэнгийн “эрх” гэсэн үг “эрх чөлөө”, “хүний эрх” хоёрын аль алиныг давхар бэлгэдэж байгаа юм байна. Зарим хүүхэд бийрийг хэт том байна хэмээн өвсөөр хүртэл нарийн чамбай зурж байлаа. Маанийн үсэгтэй, тэрийгээ өөрсдөө сийлсэн тийм хөөрхөн, эрхэм чулуугаа нэгэн зүйлээр улам нандин болгов. Тэр өдөр Жамцэ Лин хийд дээр шинийн арван тавны ном хурсан юм. Хүүхдүүд маань чулуунуудаа барьж очоод Парэ рэнбүчи хэмээх эрдэмтэй том ламаар аравнайлуулан, ном уншуулж авлаа. Эцэг эхчүүддээ хандаж хэлэхэд та бүхэн тэр нандин чулуунуудыг нь авч хадгалаад олон жилийн дараа гарган өгч болно, бурхан тахилтай айл байвал залж ч бас болох юм шүү. Зарим хүүхэд өрөөндөө тавиад найзуудыгаа санахаараа харж байна гэж байна лээ.  Оксана тэр олон тусгай, хүнд чулууг, цэрд, будаг, бийрийн хамт хэрэг болгон холоос авч ирж, хүүхдүүдэд маань өгч, урлаг хийлгүүлдэг бас л их сэтгэлтэй хүн шүү.

 

Дээл

Баасан гаригийн өглөө бид хүүхдүүддээ Монгол хувцасны тухай ярьж өгөв. Тэгээд хамгийн сонирхолтой хэсэг нь юу болсон хэмээвээс 26 хүүхдээ 5 бүлэгт хуваагаад бүх материалыг нь нэг нэг хүүхэлдэйтэй хамт өгч дээл хийлгүүлсэн юм. Дээлийг хэрхэн эсгэх, захыг нь яаж гаргах зэргийг Монгол улсаас ирсэн Минжирмаа эмээ, Ж. Алимаа багш хоёр нь тодорхой сайхан зааж өгсөн болно. Ялангуяа охид маань энэ хичээлд маш идэвхтэй оролцон, зарим нь бүр бүлгээсээ тусдаа, ганцаараа дээл хийв. Цэвээндорж, Далай гэж хоёр хүү харин онолын хичээл дээрээ үзсэн “додиг”-оо урлан, бүх бүлгүүдэд өгөв. Хар, шар арьст хүнийг төлөөлөн хийсэн хүүхэлдэйнүүд хуьцасгүй байхдаа хариийн хүн мэт харагдаж байсан боловч бяцхаан Монгол дээл өмсгөчихөөр чухам Монгол царай ороод ирэх юм гээч. Эцэг эхчүүддээ хандан бас нэг зүйл хүсэхэд хүүхдүүдэд маань нэг нэг хүүхэлдэй авч өгөөрэй. Тэд одоо хүүхэлдэйндээ өөрсдөө Монгол дээл хийгээд өмсүүлчихэж чадахаар болсон байгаа.

 

Бууз

Лхагва гаригт бид хэд баахан “заваараад” авсан гэж байгаа. Юунд тэр хэмээвээс хүүхдүүд маань өөрсдөө бууз хийсэн юм. Вашингтон хотын Жаргал багш хүүхдүүдийг тойруулан зогсоож байгаад эхлээд махаа яаж амтлахыг зааж өгөв. Дараа нь бид хүүхдүүдээ бүлэг болгон хувааж байгаад бууз чимхэхийг зааж өгсөн юм. Ингээд л өөрсдөд нь хэсэг гурил мах өгөөд орхичхов. Хуурай гурил хацар амаараа нялаад л үзэж тарж байна аа. Гэхдээ бүгд тийм биш л дээ, том охид маань гэртээ угаасаа бууз чимхдэг бололтой, хөөрхөн хөөрхөн бууз хийж байсан юм. Ялангуяа Намжилсүрэн, Номин-Эрдэнэ, Энхбаяр нарын бууз томчуудынхаас дутахааргүй байв. Харин хөвгүүд маань бөөрөнхий, зууван, гурвалжин бууз хүртэл хийсэн дээ. Хамгийн гол нь өөрсдөө хийсэн юм болохоороо амтархан идэж байна гэж жигтэйхэн…

 

МОНГОЛ ЗУСЛАНГИЙН СЭТГЭЛД ХОНОГШСОН МӨЧҮҮД

 

Монгол хүүхэд угаасаа элгэмсүү

Монгол хүүхдэд Монгол хүний нэг сайхан чанар байх юм. Америк хүүхдүүд биеэ даасан, өөрийн орон зайг ихэд чухалчилдаг, биедээ хүн хүргэх дургүй байдаг. Тэгвэл манай монгол хүүхдүүд нэг нэгнээ ихэд анхаардаг, дотно, элгэмсүү байх юм. Том охид нь багыгаа тэврээд л ус цасанд оруулаад л. Бүүр яг эгч нь аятай хувцас хунарыг нь сольж өгнө. Том ч гэлтгүй, 11-тэй Мичидмаа, 9 настай Ану-Үжин нар л гэхэд жаахан дүү нараа эрхлүүлэн тоглож, халамжлан хайрлаж байгаа нь нэг л зөөлөн. Хөвгүүд маань ч тэр дөнгөж танилцангуутаа л юун хувийн орон зай, юун нэгэндээ үл хүрэх, шууд л барилдан наадах нь Монгол хүний сайхан чанар юм даа. Үүнийгээ л бид энэ их улсад алдмааргүй байна

 

Өдөртөө том хүн, оройдоо хүүхэд

Манай зусланд ВХОМХ-ны тэргүүлэгч гишүүн Дэлгэрцогтын охин Ану дүүтэйгээ ирж амарсан юм. Ану 18-тай л даа. Өдөр жаахан хүүхдүүд тоглож наадаж байхад бид түүнийг “Чи одоо хүүхэд биш, нааш ир, энд хоол хийхэд тусал” гээд ажиллуулах. Орой унтлагын цагаар багш ажилчид хүүхдүүдээ хэвтүүлчхээд маргаашийнхаа хичээл, ажлыг ярин суухад Ану ороод ирвэл “Хүүе, чи унтахгүй юу хийж байгаа юм? Бүх хүүхэд унтсан” гээд загнаад унтуулчих. Ажил хийх болохоор том хүн болоод, унтах цагийн үеэр хүүхэд болсоор буцав, манай Ану.

 

Монгол хүүхэд үг сонсдог

Америкт ирээд хэчнээн давардаг давардаг гэхэд манай хүүхдүүд бас л үг сайн сонсож байна. Мэдээж сахилгагүй хүүхдүүд байж л байсан, гэхдээ хамгийн сахилгагүй нь ч тэр, зандраад авахад “За” гээд л тухайн үедээ хөөрхий больчихдог юм. Энэ нь нэг талаас угаасаа Монгол хүүхдийн сайн тал байж болох, нөгөө талаас энэ зусланд хүүхдээ илгээнэ гэдэг Монголоо хадгалах гэсэн, хүүхдэдээ санаа тавьдаг эцэг эхчүүдийн л хийх ажил. Тиймээс их олон, маш хүмүүжилтэй хүүхэд нэг дор цугласан нь санамсаргүй хэрэг биш байсан байх аа.

 

Өвөөгийн хүү

Манай зусланд нэг хөөрхөн хүү ирж, Блүүмингтоны бүх Монголчуудын найз болоод явлаа. Хөдөө өвөө дээрээ өссөн, АНУ-д ирээд америкжих байтугай биднээсээ илүү монгол хүү байна. Ямар сайндаа хүүхдүүд суулгасан машин эхнээсээ хөдлөхөд сандран гүйж орж ирээд эмэгтэй багш нарыг “Та нар чинь хүн амьтан явж байхад сүү цацал өргөдөггүй улс уу?” хэмээн загнаж байх вэ дээ. Яриандаа зүйр цэцэн үг байнга хэрэглэнэ. Гэм нь жаахан залхуу. Дээл хийх хичээл дээр “За даа, миний дээл хийж сураад өөртөө оёно гэж юу ч байх вэ дээ” гээд хэвтээд өгсөн гэж байгаа. Одоо арван тавтай гэхэд улс төрд их дуртай. Гэнэт ирээд “Багш аа, та ер нь Сэргээн босголт банк дампуурсныг юу гэж дүгнэдэг вэ?” хэмээн асууна. Оройн үдэлтийн бүжиг дээр бүжиглэхгүй суугаад байхаар нь “Бүжиглээч! Миний хүү” гэвэл “Үгүй одоо би энэ арван хоёр гуравтай охидуудтай бүжиглээд намба алдаад байлтай биш” гэх. “Халуун элгэн нутаг” дууг зааж байхад “Элгэн халуун нутаг минь яана даа” хэмээн санаа нь зовж байна. Яасан? гэж асуувал, “Хүн нь хордоод үхэж байна, мал нь зуданд үхэж байна, загас нь усандаа үхэж байна…” хэмээн санаа алдаж билээ.

 

Заяа

Бяцхан охин Заяа хүн амьтны хайрыг татсаар байж явлаа. Манай зуслангийн жаахан хүүхдүүд дандаа ах эгчтэйгээ, эсвэл ээж аавтайгаа хамт байсан бол 6 настай Заяа өөрөө чемоданаа чирээд ирсэн охин. Өглөө эртээ босоод усанд ороод хувцсаа сольчихно. Томчуул бүгд, бас хүүхдүүд ч Заяад их хайртай. Монгол хэлээр маш сайн уншина. Чикагогийн Монгол сургуульд сурсан гэнэ. Ийм нэг бяцхан охин ах эгч нартаа үлгэр жишээ үзүүлээд явлаа.

 

Багш ах

Сурагчдын маань ихэнх нь миний найзуудын хүүхдүүд байсан болохоор Саруул ах аа гэж дуудаад байв. Бусад нь дууриагаад Ах аа, ах аа гээд байхаар нь Багшийгаа монгол хүүхдүүд Багш аа гэж дууддаг юм хэмээн зааж өгөв. Гэтэл маргааш нь нэг хүү Багш ах аа гэсэн дуудаж байж билээ.

 

САНАЖ БАЙНА БИД, САНАЖ БАЙНА

Цахим өртөөний Цэрэнбат андын нэг сайхан шүлэг бий. “Санаж байна, би” гэж. Тэр шүлгэнд Хурд хамтлаг ая хийж, чухам харьд байгаа Монголчууд дуулж баймаар гэгэлгэн сайхан дуу болсон байгаа. Зуслангийн монгол хэл-уран зохиолын хичээл дээр бид энэ дууны үгэн дээр ажилласан юм.

 

САНАЖ БАЙНА

 

Униартан цэнхэртэх уулс толгодоо

Утаа нь суунаглан харагдах бор гэрээ

Хоймор заларч гэр дүүргэх аавыгаа

Хошуу дэвсэн хүүгээ эрхлүүлэх ижийгээ

 

Далай ихийг өгүүлэх нутгийн буурал өвгөдөө

Даахьтай даага зайдагнасан балчир насаа

Самсаа шархиртал янцгаах адуут нутгаа

Сэтгэл сэргэм хээрийн сэвэлзүүр салхиа

 

Санаж байна би, санаж байна

Сэтгэл зүрхээ бэтгэртэл санаж байна

Хоймор заларч гэр дүүргэх аавыгаа

Хошуу дэвсэн хүүгээ эрхлүүлэх ижийгээ

 

Сэтгэлд урган мандах Монгол эх орноо

Сэлээд барамгүй онгон хөрст газраа

Хүний нутагт амсаагүй цэнгэг усаа

Хүсэх тутам цээж тэнийх цэлгэр тэнгэрээ

 

Санаж байна би, санаж байна

Сэтгэл зүрхээ бэтгэртэл санаж байна

 

Америкийн Монгол хүүхдүүдэд энэ дууны үгийг заахад маш сонирхолтой эх сэдэв болж өгсөн юм. Тухайлбал:

 

  • Юуны өмнө шүлгийн бадаг бүрийн эхлэл нь ААББ гэсэн бүтэцтэй байгаа нь монгол шүлгийн толгой холбох ёсыг ойлгуулахад ач холбогдолтой байв.
  • Олон үгийг тайлбарлах явцад хүүхдүүд монгол ахуйд суралцаж байлаа. Жишээ нь: “хоймор”, даахитай даага”, “зайдагнах”, “самсаа шархирах” гэх мэт үгсийг заахтай хамт соёлын хичээл давхар үйлчилж байлаа.
  • Дууны ая нь энгийн, хүүхдүүд сурахад амар байсан нь хичээлийг бас сонирхолтой болгож өгсөн юм.

 

Ингээд хүүхдүүд үгийг нь сайтар ойлгон, дуугаа дуулж сурсныхаа дараа дууныхаа зургийг зурав. Зүгээр ч нэг зурах биш энэ дууны видео клип маягаар сэтгэн зурсан юм. Хамгийн сүүлд нь дуугаа хүүхдүүд өөрсдөө хэрхэн ойлгосноороо англи хэл рүү орчууллаа.

Энхүүш, Доржоо, Мижид гурав орчуулсан нь:

 

I miss it, miss it

Until my heart jumps out

The dad who sits in the front

The mom who protects the baby

 

Mongolia, that rises inside me

The great land you can’t swim out

The fresh water I haven’t tasted in another nation

The more I want it, the more it grows inside me

 

Энхбаяр, Номин, Илд, Ану нар орчуулсан нь:

 

Missing

 

The stunning blue mountains

The smoking warm chimney

The father who completes the home

The mother who spoils every pout

 

The white hair elderly with an ocean of knowledge

The nostalgic wild horses of my early years

The tears held inside as I yearn for home

The provocation of the breeze that awakens my soul

 

Хонгорзул тэргүүтэй бүлгийнхний орчуулга

 

I miss

The faraway blue hills

Smokey brown ger

The father that fills the whole room

And the mother that expresses her love

 

The respected elder of our town

The unsaddled horse childhood

The feeling that brings out my tear

The breeze that uplifts my mood

 

Болор тэргүүтэй бүлгийнхэн орчуулсан нь:

 

The big blue mountains

Smoke coming out of the brown gers

My dad sitting at the far end of the house

My loving mother

 

The talkative elders

Playing with horses as a child

My beautiful horse

The cool breeze

 

I miss them, I miss them

My heart misses them

 

Бага хүүхдүүд гэхэд бас л үгээ их сайн мэдэрсэн харагдаж байна. Нэг ийм юм бодогдох юм. Монголын уран зохиол дэлхий нийтэд бага танигдсан нь англи хэлээр тун бага орчуулагдсантай холбоотой. Монгол зохиолчдод маань англи хэл дутагдаад, харин барууны орчуулагч нар монгол хэлэндээ маруухан байгаад байдаг. Энд, АНУ-д өсч байгаа Монгрол хүүхдүүдээ жаахан тордоод, Монгол хэлийг нь хадгалаад өгвөл харин сүрхий орчуулагч нар гармаар шинж байна шүү.

 

Хичээлийн дараа хүүхдүүдээ баярласнаа илэрхийлээд “Энэ дууны үгийг зохиосон Цэрэнбат гэж ах нь Монголчуудынхаа төлөө ихийг бүтээдэг “Цахим өртөө” гэж байгууллагын хүн байгаа юм. Багшийнх нь найз, та нар юм хэлүүлэх үү?” гэж асуув. “Аав ээж хоёр маань энэ дууг дуулах дуртай. Би сайн ойлгодоггүй байсан юм. Их сайхан дуу байна. Манай аав ээжид нутгаа санахад нь тусалсан танд баярлалаа гэж хэлээрэй” хэмээн хүүхдүүд маань үг дайсныг эрхэм андад энэ завсар уламжилсу.