2009

АНУ ДАХЬ МОНГОЛ ХЭЛ СОЁЛЫН ЗУСЛАН: ГУРАВДАХЬ УДААГАА 

АНУ дахь Монгол Соёлын Төв, Индиана муж дахь Төвд Монголын Шашин Соёлын Төвөөс зохион байгуулдаг уламжлалт гуравдахь удаагийн “Монгол хэл соёлын зуслан” Индиана мужийн Блүүмингтон хотноо 2009 оны 7 дугаар сар 11-ний өдөр Монголын их баяр цэнгэл Наадамтай зэрэгцэн эхэллээ.

АНУ-д төрж, өсч байгаа шинэ үеийн Монгол хүүхдүүд эх нутгаасаа алсад аж төрөхөд төрөлх монгол хэл, соёлоо мартан, “даяаршил” хэмээх далайд өөрийн эрхгүй уусан шингэх болоод байна. Эцэг эхчүүд хүүхдээ хэдий монголоор ярь гэж шаардах ч тодорхой тогтолцоот сургалт үгүй тохиолдолд хүүхдээ монголоор нь хадгалж үлдэнэ гэдэг үнэхээр хэцүү асуудал.

“Монгол Хэл Соёлын Зуслан” бол энэ хэцүү асуудлыг даван туулахад эцэг эхчүүдэд өчүүхэн ч болов нэмэр өгөх үйл ажиллагаа юм. АНУ-ын өөр өөр муж дахь Монгол хүүхдүүд нэг дор цуглан танилцаж, долоо хоног хамт амьдарна гэдэг огт хичээл заахгүйгээр бодсон ч тэр нэгнээсээ суралцах, Монгол орчинд амьдарч үзэх сайхан боломж болдог юм.  Дээр нь Монгол хэл, Монгол бичиг, Монгол дуу, бүжиг заагаад өгөхөөр угаас монгол хүүхдүүд юм болохоороо тун амархан “монголжоод” ирнэ.

Монголоо хайсан Монгол гэдэг шиг Монголоо мартахгүй гэж хичээсэн 25 монгол хүүхэд, та бидний мах цусны 25 тасархай, 25 халуун монгол амь АНУ-ын өнцөг булан бүрээс Индиана мужид цуглалаа. Таван монгол багш бид ч ажилдаа орлоо.

 

Хэний хүү охид, хаа хаанаас ирж нэгэн гэр бүл болж байгааг та бүхэндээ танилцуулъя:

1.    Бямбадоржийн Ган-Эрдэнэ, 11 настай, Чикаго хот
2.    Дэлгэрцогтын Данзан, 12 настай, Виржиниа мужийн Файрфакс хот
3.    Жагдагдоржийн Номин-Эрдэнэ, 14 настай, Миссури мужийн Коламбиа хот
4.    Жагдагдоржийн Болор-Эрдэнэ, 12 настай, Миссури мужийн Коламбиа хот
5.    Өлзийсайханы Ариунбаясгалан, 14 настай, Виржиниа мужийн Фоллс Чөрч хот
6.    Баярмаагийн Солонго, 10 настай, Виржиниа мужийн Арлингтон хот
7.    Энхбаярын Ариунзаяа, 13 настай, Иллиной мужийн Нэйпервилл хот
8.    Ариунболдын Мөнхзул, 14 настай, Виржиниа мужийн Арлингтон хот
9.    Баяраагийн Мэндсайхан, 16 настай, Иллиной мужийн Моунт Проспект хот
10.    Саруул-Эрдэнийн Билгийн-Илд, 15 настай, Виржиниа мужийн Арлингтон хот
11.    Саруул-Эрдэнийн Билгийндалай, 13 настай, Виржиниа мужийн Арлингтон хот
12.    Пүрэвбаярын Номуунаа, 13 настай, Иллиной мужийн Нэйпервилл хот
13.    Ягаанбаатарын Дагва-Очир, 15 настай, 15 настай, Виржиниа мужийн Арлингтон хот
14.    Рожерийн Хангал, 7 настай, Виржиниа мужийн Фоллс Чөрч хот
15.    Рожерийн Хэнгэл, 7 настай, Виржиниа мужийн Фоллс Чөрч хот (ихэр хоёр хүү)
16.    Ганхуягийн Буянхишиг, 15 настай, Миссури мужийн Сэйнт Луис хот
17.    Лхагвасүрэнгийн Сүнжидмаа, 15 настай, Миссури мужийн Сэйнт Луис хот
18.    Дашдэндэвийн Маргад-Эрдэнэ, 12 настай, Виржиниа мужийн Арлингтон хот
19.    Бат-Очирын Батбаатар, 15 настай, Виржиниа мужийн Арлингтон хот
20.    Ганболдын Чингис, 10 настай, Индиана мужийн Жефферсонвилл хот
21.    Даваадоржийн Сувд, 11 настай, Иллиной мужийн Чикаго хот
22.    Бат-Амгалангийн Марал, 15 настай, Калифорни мужийн Уолнат Крийк хот
23.    Баяраагийн Тэнүүн, 15 настай, Виржиниа мужийн Арлингтон хот
24.    Мөнхбатын Мөнх-Оргил, 13 настай, Иллиной мужийн Чикаго хот
25.    Идэрсуутын Түшиг, 13 настай, Виржиниа мужийн Арлингтон хот

 

Шууд ирсэн өдөр хичээл хөтөлбөр эхэллээ. Өдрийн хоолны дараа танилцах тоглоом явуулж хүүхдүүд танилцсан бол оройн хоолны дараа хөгжим судлаач Др. Эрдэнэчимэг хүүхдүүдийн хоолыг нь шингээн “Ёохор” тойрон бүжиг заалаа. Багш бүжиг заахаасаа өмнө 13-р зууны үед Монголчууд бүх нийтээрээ бүждэг, бүр 500 хүн зэрэг бүжиглэдэг хоёр тойрон бүжиг байсны нэг нь Ниргэлэг гэж бүжиг, нөгөө нь энэ Ёохор юм хэмээн ярилаа.

Харин яг унтахынх нь өмнө цагтай уралдан Тавтай нойрсоорой дууг заав. Өнгөрсөн хоёр зусланд ирж байсан хүүхдүүд тэр дууг мэддэг болохоор нийт хүүхэд сурахад бас дөхөмтэй байлаа.

Маргааш наадамтай. Блүүмингтоны Монгол наадамд Монгол Хэл Соёлын Зуслангийн хүүхдүүд маань оролцоно хэмээн сэтгэл нь хөөрцгөөж байна.

 

Монгол Зуслангийн 2 дахь өдөр – Блүүмингтоны Наадам

2009 оны 7 сарын 12-ний өдөр. Монгол зуслангийн хоёрдахь өдөр. Өглөөнөөс эхлээд л хүүхдүүд маань ч тэр, багш нар маань ч нэг л сэтгэл догдлонгуй. Яагаад гэвэл бид бүгд өнөөдөр Наадамд явна. Наадмын өглөө Монголд, ялангуяа хөдөө сумд юу гэж хэлэхийг мэдэхгүй, гэхдээ л нэг сайхан байдаг даа. Яг л нэг тийм сайхан мэдрэмж. Америкт багадаа ирсэн, зарим нь бүр энд төрсөн хүүхдүүд гэхэд Наадам болно гэхээр сэтгэл нь догдолдог тэр мэдрэмж нь хадгалагдсан байна гэдэг сайхан юм.

 

Хэл бичгийн хичээл

Өглөө хүүхдүүдээ хоёр бүлэгт хуваалаа. Монгол хэлээ сайн мэдэхгүй хүүхдүүд Наранцэцэг багшийн кирилл үсгийн ангид, харин гэртээ Монголоор байнга ярьдаг, кириллээр уншиж бичдэг хүүхдүүд нь Саруул-Эрдэнэ багшийн Монгол бичгийн ангид оров. Долоо хоног бага хугацаа, шахуухан хөтөлбөрөөр явж байна. Тухайлбал эхний хоёр цагийн хичээл дээр Кириллийнхэн бүх үсгээ үзэж дуусаад бичих дадлага бага сага хийж эхэлсэн бол Монгол бичгийнхэн зурлагаа үзээд, долоон эгшиг, дээр нь Л, М, Н гийгүүлэгч үзээд Энэ мину ном мөн. Молом мал маллана гэх мэтээр эхний өгүүлбэрээ бичээд эхэлчихлээ.

 

Монгол, Америк хүний ижил тал юу вэ?

Наранцэцэг багшийн хичээл дээр хөгжилтэй яриа хөөрөө олон гарна. Анх хичээл заах болтол хүүхдүүд “Өө хичээлтэй юм уу? Яагаад бид нар монгол хэл бичиг сурах юм бэ?” гэх хүүхэд гарсан юм. Тиймээс Наран багш Монгол хэл соёлоо  яагаад сурах ёстойг ойлгуулахын тулд Монгол, Америк хүний ижил тал болон ялгарах чанарынх нь талаар бяцхан яриа өрнүүлэв.

Хүүхдүүд ээ, Монгол-Америк хоёр хүний адил тал юу билээ?

Миссуригийн Хишгээ охин англи монгол холин “Хоёулаа human being” гэж байна.

Виржинтагийн Данзан “Хоёулаа юм ярьдаг” гэнэ. Тэгсэн Чикагогийн Ганаа гэж хөөрхөн хүү “Багша аа би нэг адил тал оллоо” гэв.

За хэл.

Хоёулаа сугандаа үстэй.

 

Монгол бичгийнхэн санаачилгатай

Үсгээ үзээд ганц хоёр үг үзээд ирэхээр Монгол бичгийн ангийнхан их урамшиж байна. Илүү сайн сурахын тулд бүр өөрсдөө янз бүрийн санаачилга хүртэл гаргах юм. Хамгийн хол Калифорнигоос ирсэн Марал охин “Багш аа, та хэцүү үг бичээд бид нараар нэг нэгээр нь уншуулаад уншиж чадахгүй бол ажил хийлгэ” гэж байна. Амрах гэж ирсэн хүүхдүүдээр тогоо шанага угаалгах хаашаа ч юм, гэхдээ л тэгж санаачилж байгаа нь хөөрхөн юм даа.

 

Санаа тавьсан нь

Өмнө Монгол бичиг багадаа үзэж байсан Миссуригийн Сүнжидмаа гэж охин Монгол бичгийн ангид байх. Би Монгол бичгийн нум хэмээх зурлагыг зурж үзүүлэв. Тэгсэн Сүнжидмаа харж харж байснаа ихэд санаа зовонгуй “Багш аа, ийм үсэг байдаггүй л санагдах юм. Та андуураад байх шиг байна даа”

 

Монгол наадам Төрийн дууллаар эхэллээ

Блүүмингтоны Монгол наадамдаа явцгаалаа. Индианагийн Их Сургуулийн “Монгол Нийгэмлэг”, Блүүмингтон хотын монголчууд болон Монгол Соёлын Төвөөс хамтран зохион байгуулсан энэхүү наадмын эхэнд манай “Монгол хэл соёлын зуслан”-гийн гурван сурагч болох Миссуригаас ирсэн Номин-Эрдэнэ, Болор-Эрдэнэ, Чикагогоос ирсэн Сувд нар “Монгол улсын төрийн дуулал” болон “Халуун элгэн нутаг” дууг нэг саксофон, хоёр хөндлөн бишгүүр хөгжмөөр тоглон нээв. Тэдний дараа Индианагийн Их Сургуульд монгол хэл сурч байгаа америк оюутнууд “Монголын тал нутаг” дуу дуулж наадамд өнгө нэмэв. Халуун элгэн нутаг дууны аялгуу, Монголын тал нутаг дууг доорх линкээр орж үзэж болно.

 

Маш царайлаг Юндэн гөөгөө.

Түмэн эх чуулгын хөөмийч Отгоны Лувсандагва наадамчдад хөөмийлж үзүүлсэн нь энэ наадмын оргил үзүүлбэр болов. Наадамд Индианагийн Их Сургуулийн Монгол болон Төв Еврази судлаач эрдэмтэд ирсэн байсан тул тайлбарлах ч шаардлага гарсангүй, манай хүүхдүүдэд ч бас сонирхолтой байлаа. Түүний дараа америк оюутнууд бас нэгэн дуу дуулсан нь Монгол ардын дуу Юндэн гөөгөө байв. Хөтлөгч америк оюутан зарлахдаа юун тухай дуу болохыг нь бяцхан тайлбарлан “This is a song about a guy named Yunden Googoo- he is very very handsome” хэмээсэн нь хөгжилтэй сонстож байв. Доорх линкээр орж үзэж болно.

 

Хүчит бөх, хурдан морь, хөлбөмбөг, волейбол

Монгол америк нийлсэн хүчит 16 бөх барилдлаа. Зарим нь манай зуслангийн хүүхдүүд. Ингээд эцэст нь үзүүр түрүү булаалдахаар хөөмийч Лувсандагва, Блүүмингтоны уугуул, Индианагийн Их сургуулийн оюутан Дэлгэрбат нар үлдэв. Ингээд Булган аймгийн уугуул Отгоны Лувсандагва уран мэхээр даван түрүүллээ. Лувсандагва шөвгийн наймын барилдаанд монгол гэргийтэй, хүчтэй бөх Крисийг хэрхэн хаясныг доорх линкээр орж сонирхоно уу?

 

Гүйлтийн тэмцээнд Виржиниагаас ирсэн зуслангийн амрагч хүү Бамбуу хэмээх Батбаатар түрүүллээ. Мөн хөлбөмбөгийн хоёр баг, волейболын 4 баг гарч тэмцэлдэв. Хамгийн сүүлд наадамчид нийтээрээ “Ёохор” тойрон бүжиг бүжлээ. Доорх линкээр орж үзэж болно.

 

Мэдээллийн баг

Зуслангийн үйл ажиллагаанаас та бүхэнд мэдээлж байхаар нэг жижиг баг бүрдлээ. Багийн ахлагчаар Саруул багш, сурвалжлагчаар зусланд ирсэн хоёр амрагч хүүхэд ажиллана. Нэг нь Миссуригийн Номин-Эрдэнэ, нөгөө нь Калифорнийн Марал. Youtube дээр Марал mongolcc гэж нэрээр хаяг нээсэн байгаа, тэндээ видео мэдээ тавьж байхаас гадна хоёулаа сурвалжлага хийж Даяар Монголд тавьж байна. Номин-Эрдэнэ, Марал хоёр маань анхныхаа сурвалжлагыг авчээ. Та бүхэнд хүргэе.

Залуу хоёр сурвалжлагч эхлээд Мойл хэмээх Мөнх-Оргилтой уулзаж.

Блүүмингтоны наадам чамд ямар санагдсан бэ?

Гоё байсан.

Юунд нь хамгийн дуртай байсан бэ?

Волейбол нь.

Чи наадмын юунд оролцов?

Бүх тоглоом, тэмцээнд оролцсон.

Танай хотын наадамтай харьцуулахад юугаараа өөр байсан бэ?

Хүмүүс нь цөөхөн мөртлөө, хүүхэд нь олон, тийм болохоор гоё наадам байсан.

Рожерийн Хэнгэл (7 настай): Энэ бол миний хамгийн анх үзсэн, хамгийн гоё наадам

Далай (Виржиниа, 13 нас): Спрайт их байсан, ер нь лаг наадам болсон.

Зусланд сайн дураар тусалж байгаа Увшийн Батцоож (Блүүмингтон): Дажгүй наадам боллоо. Тэмцээнүүд нь их гоё байсан. Хуушуур нь хамгийн гоё байсан. Манай хотын өмнөх наадмуудтай харьцуулахад олон хүнтэй наадам боллоо.

 

Зуслангийн 3, 4 дэх өдөр

Бүү ай – Бүүвэй
Др. Эрдэнэчимэг зуслангийн гуравдахь өдрийн өглөө хүүхдүүдэд Монгол дууны хичээл заалаа. Бүүвэйн дууг хөвгүүд охидоор хоолой салган дуулахыг заасан юм. Юуны өмнө Бүүвэй гэж юу болохыг хүүхдүүдээс асуухад “хүүхэд унтуулах дуу” гэж байсан боловч чухам гарлыг нь мэдэхгүй байсан тул багш “Бүү ай” хэмээх үг сунжраад “бүүвэй” болсон гэдгийг тайлбарлаж өгсөн юм. Эрдэнэчимэг багшийн хичээл дээр хүүхдүүд бүүвэйн дууг хэрхэн дуулж сурч байгааг доорх линкээр орж үзэж болно.

 

Өргөст хэмх дарцгаав
Монгол хэл соёлын зусланд хоёр жил дараалан ирж хичээл заасан зураач Оксана багш Индианаполисоос ахин ирж хүүхдүүдэд маань туслав. Энэ удаад Оксана харин зураг, урлаг бус, давжаа өргөст хэмхийг хэрхэн дарах талаар заалаа. Өөрөө бүх найрлага орц, шил сав зэргээ бэлдэн иржээ. Хүүхдүүд бүлэг болон бүгд өргөст хэмх дарж, найрлагыг нь тааруулан амталснаас гадна Оксанагийн бэлдэж ирсэн нэг талдаа англиар бичсэн хэрхэн хийх заавар бүхий гоёмсог зурагт хуудсын нөгөө тал дээр монголоороо бичлээ. Эцэст нь өргөст хэмхээ хаалтын ажиллагаан дээр задлан идэхээр цааш нь хурааж, харин зурагт хуудсаа цэвэрхэн дугтуйнд хийж хүүхдүүдийн нэрийг монгол бичгээр бичин хадгалуулав.

 

Хөөмий
Хөөмийч Лувсандагва хөөмий дуугарч чадахуйц хөвгүүдэд ганцаарчлан зааж байна. Ямар ч байсан 4 хүүхэд суурь өнгө гаргачихдаг болох шинжтэй. Доорх видеон дээр Лувсандагва Данзан хэмээх хүүд хөөмий зааж байна.

 

Монгол зусланд тайланд охин ирлээ
Энэ өдөр манай зуслангийн түүхэнд нэг сонин үйл явдал тохиолдов. Блүүмингтон хотын нэг тайланд эмээ ач охиноо дагуулаад ирдэг юм байна. Охиныхоо аяны хөнжил, бүх зүйлийг бэлдчихсэн, зусланд амраана гэсээр ирэв. Хүүхэд авахгүй гэдэгтээ биш Монгол хэл заадаг, монголоор ярьдаг зуслан шүү дээ хэмээн өмнө нь утасаар тайлбарласан байсан юм. “Харин тийм ээ би сонссон, гэхдээ миний охин их авьяастай, монгол хэл сурна. Том болоод Индианагийн Их Сургуулийн Монгол хэлний ангид ч орж магадгүй” гэсээр байж тай охиноо зуслангийн сурагч болгоод ихэд баярлан явж одов. Үнэхээр 9 настай Тай охин ч дороо монгол найзуудтай болоод хөгжилтэй нь аргагүй тоглон гүйж эхлэв. Еэвэн идчихсэн сууж байгаа, бас болоогүй ээ, Ээ бүүвэй ээ бүүвэй гээд дуугаа бас хагас дутуу ч болов сурчихсан аялж суугаа тайланд охиныг харсан хэн бүхний хайр хүрэхээр.

 

4 дэх өдөр
Зуслангийн 4 дэх өдөр маш хурдан өнгөрөв. Өглөө Монгол бичиг, Кирилл үсгийн хичээл үргэлжлэн орлоо. Монгол бичгийнхэн Ха, Га үсэг үсэг үзэж, уншлага хийсэн бол кириллийнхэн бүх үсгээ дуусгаад нэрсээ бичив. Өдөр Оксана маань чулуун дээр шохойгоор зураг зуруулав. Найман тахилаас хүүхдүүд сонгон зурсан юм. Ингэхдээ эхлээд “найман тахил” гэж ямар утгатай бэлгэ тэмдэг болохыг тайлбарлав. Үүний дараа хүүхдүүдийн маань хамгийн дуртай үйл ажиллагааны нэг болох Усан паркад сэлж наадах цаг тохиолоо.

 

АНУ дахь Монгол зуслангийн тэмдэглэлээс

Хамраа дарах
Сонин юм шүү, биднийг багад л пионерийн зуслан дээр “Хамраа дарах” гэж тоглоом тоглодог байсан, одоо энэ Америкийн монгол хүүхдүүдийн бас хамгийн дуртай тоглоомынх нь нэг тэр юм. Аав ээжээсээ сурдаг бололтой. Хамраа дарах тоглоом манай зусланд хуучин хэллэгээр бол моодонд орж байна. Наран багш кирилл үсгээ заачхаад хөзрийн оронд дөрвөн ижил үсэг бичсэн кардаар “хамраа дарсан” нь үсэг сурах маш чухал арга болов. Бас нэг хөгжилтэй явдал тохиосон нь ихэнх хүүхдүүд гадаа тоглож байхад 11-тэй Сувд охин ганцхан Болор-Эрдэнэтэй үлдсэн байсан юм. Тэгээд л Сувд хөзөр барьчихсан Болроогоос нэг юм гуйгаад байгаа бололтой, өнөөх нь зөрүүлээд л бас нэг юм тайлбарлаад зогсоод байна. Сүүлдээ аргаа барсан янзтай над дээр ирээд “Багш аа, та энэ Сувдаад хоёр хүн хамраа дарж болохгүй гэдгийг нэг тайлбарлаад ойлгуулаад өгөөч” гэж билээ.

 

“Зөв” эмээ
Зуслангийн ганц гадаад охин болох Сионна нэг орой Тэдди байвгайгаа санаад уйлав. Сионна охиных Блүүмингтонд байдаг учир эмээ рүү нь залгаад авчраад өгөхийг хүстэл бидэнд юу гэж хэлсэн гэж бодно? “Би аваачаад өгч чадна аа, гэхдээ наад охин чинь ээж аавгүй, эмээ өвөө хоёр дээрээ байгаа хүүхэд. Бид хоёр ингээд хир удахыг мэдэхгүй, ганцаараа үлдээд уйлах ганцаардах үе маш их гарна. Тэр үед хэн ч ирэхгүй, одооноос гэрээсээ хол амьдарч сурах хэрэгтэй. Би очихгүй” гэдэг юм байна. Тэгээд ач охиндоо утасаа өгөөч хэмээн хүсээд, “Сионна, наана чинь байгаа бүх хүүхэд гэртээ хайртай амьтантай, чи ганцаараа амьтнаа авчруулбал бүгд уйлаад авчирна гэнэ. Чи бүх хүүхэдтэй адил байх ёстой” хэмээн хэлж байна. Хайртай ганц охиндоо тэгж хэлж байгааг сонсоход нөгөө Хайр нь дотроо хал нь гаднаа хэмээх монгол ухаан санагдахаар байлаа. Тэгээд бид хэд тэр эмээг тун “зөв” эмээ гэж тодорхойлсон юм.

 

Хар бор ажил хийж, хорхойд хатгуулж үзэв
Боди гэж Америк залуу ТМШСТ-ийн зуслангийн нэгэн байранд амьдардаг юм. Манай зуслангийн хүүхдүүдийн дунд хоёр зүйл үйл ажиллагаа явуулахыг өөрөө хүссэн юм. Эхний арга хэмжээ нь хүүхдүүдийг цөөрөм дотор ажиллуулан, шавар шавхай зөөлгөн, жинхэнэ эр хүний ажил хийлгэх байлаа. Шавар шавхайд хутгалдах нь байтугай зарим нь бүр гэрээсээ ч гардаггүй хүүхдүүдэд энэ ажил хэцүү атлаа маш сонирхолтой санагджээ. Лийч хэмээх хануур хорхой цусыг нь сорно, тэр нь харин ч биед нь сайн гэдгийг мань Боди бас хэлсэн байсан юм. Үзээгүй юмаа үзсэн хүүхдүүд хувцас хунар нь нил шавар болчихсон ёстой л дайснаа дарсан баатрууд шиг бардам ирж билээ. Ари гэж хүү бүр “Ёстой гоё байна. Дахиад маргааш хийх үү” гэж асууж байв.
Боди бас хүүхдүүдэд фрисби-голф гэж спорт заасан, ингэхдээ мэргэжлийн сургалт явуулдаг хүрээлэн дээр очиж бүх хэрэгслийг нь авчруулсан байлаа. Манай хүүхдүүд ч бас талархлаа илэрхийлэн монгол бичгээр “баярлалаа” хэмээн бичсэн ил захидал дээр бүгд гарын үсгээ зуран дурсгасан юм.

 

Аав бөмбөг хоёр
Түшиг охины аав нь волейболын бөмбөг хайгаад явж байсан юм. Би дараа нь аавтай нь уулзах хэрэг гарав. Тэгээд Түшигээс асуув:
Аав нь волейболынхоо бөмбөгийг олсон уу?
Олсон
Аав нь одоо хаана байна?
Волейболын бөмбөгтэйгөө явж байгаа
Волейболын бөмбөг нь хаа байна?
Аав бариад явж байгаа…

 

Өөрсдийн хийсэн буузаа өөрсдийн дарсан ногоогоороо даруулж идэцгээв.
Нэг өдрийн хоолыг хийхдээ бид уламжлал ёсоор хүүхдүүддээ бас зааж, хамт хийцгээсэн юм. Үнэнийг хэлэхэд нэлээд хэдэн хүүхэд гэртээ бууз хийдэг, зарим нь бүр элдэнэ гэж мэргэжлийнх болсон байлаа. Харин нөгөө хэсэг нь насаар яг л чацуу хирнээ бүр анхны ч ойлголтгүй байх юм. Гэрт нь хүүхдээрээ сайн ажил хийлгэж сурмаар юм байлаа шүү, эцэг эхчүүд минь. Хүүхдүүд тэгээд өөрсдийн хийсэн буузаа өмнөх өдөр нь Оксана багшийн хичээл дээр заалган өөрсдөө дарсан ногоогоороо даруулан амтархан идсэн сэн. Бууз зааж байгаа, сурч байгаа бичлэгийг доорх линкээр орон үзнэ үү.

 

Монгол бичгээр ярьж болох уу?
Монгол бичиг сурч байгаа хүүхдүүд маань монгол бичгээр бас ярих гэнэ. Тэр нь учиргүй галигаар дуудахаасаа илүү ердөө л өгүүлбэрийн ард “бөлгөө” гэж хэлэх. Би ч бас тэднийхээ урмыг бодоод бас нэг тиймэрхүү ярьж хөгжилдөцгөөнө. Гэр сургалтын аргаар бид бүгд зэрэг уншдаг юм. Нэг удаа хошин байдлаар хөөрч, зэрэг уншсанаа та бүхэнд толилуулъя. Доорх линкээр үзнэ үү. Хамгийн сүүлд Сүнжкаа “Бид нар бас бөлгөө” хэмээх нь үйл үггүй болохоороо бүр ч инээдтэй. Эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд бид Инхэлиг хүртэл үзсэн байгаа, номоор нь цааш нь үргэлжлүүлэн сургаарай. Хаяж л болохгүй юм шүү.

 

Царайны ном
Бүх юмыг Монголоор хэл гэж бид хүүхдүүдээ шаардана. Тэд маань эхэлж англиар бодоод дараа нь түүнийгээ монголоор орчуулж ярих нь бидэнд хачин сонстох боловч өөрсдөө нэгнийгээ ойлгоно гэж жигтэйхэн. Нэг удаа ийм яриа сонстов.
Чамд “Царайны ном” байгаа юу?
Байгаа байгаа, бас “Миний зай” ч байгаа.
Надад бол “Миний зай” байхгүй, харин “Сайн уу тав” бий.
Юу яриад байгаагий нь асуутал Facebook, Myspace, Hi5 хаягаа солилцож байсан нь тэр гэнэ.

 

Хаалтын ажиллагаа
Зуслангийн хаалтын ажиллагаан дээр Ажиа рэнбүчи, Монгол нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Сюзи Дрост тэргүүтэй хүндэт зочид, эцэг эхчүүд хүрэлцэн ирсэн, тэнд бид сурсан эрдмээсээ үзүүлсэн болно. Та бүхэн бас давхар үзнэ үү.

Мастер кардын реклам шиг
“Амьдралд мөнгөөр үнэлж болохгүй юм гэж байдаг, бусдыг нь бүгдийг нь Мастер кард худалдан авч дөнгөнө” гэсэн цуврал сурталчилгаа байдгийг та бүхэн санаж байгаа байх. Яг түүнийг ашиглан зуслангийнхаа эцсийн үр дүнг дүгнэн өгүүлбээс:
Шүдний оо, сойз 5 доллар, Аяны хөнжил 20 доллар, Блүүмингтон хүрэх түлшний үнэ 150 доллар, харин Мөнх-Оргил найзуудаасаа салах гээд, явж байгаа, үдэж байгаа бүх хөвгүүд охид нүдэндээ нулимстай зогссон тэр мөч – priceless (үнэлэх ямар ч боломжгүй).
Тийм үнэлэхийн аргагүй мөчийг, насанд хүрсэн хойно нь ч мартагдахгүй өдрүүдийг хүүхдүүддээ бэлэглэсэндээ л бид хамгийн их баяртай байна даа. Ялангуяа АНУ-д өсч байгаа Монгол хүүхдүүдэд маань эрүүл агаар, нөхөрлөл, дурсамж гэдэг зүйл бидний багынхаас хавьгүй дутагдалтай байх шиг санагддаг юм.