2015

АНУ-д Монгол хэл соёлын зуслан хичээллэв

 

Бөөн баяр аа, бөөн баяр аа

Монгол хэл соёлын зусланг хүмүүс “Бөөн баяр аа” гэж нэрийддэг болоод удаж байна. Энэ нь нэг талаас, тус дууг зуслангийн хүүхдүүд хамгийн сайн сурч, хоолой нийлүүлэн дуулдагтай, нөгөө талаас амрагч хүүхдүүдийн хувьд зуслан ёстой л “бөөн бөөн баяр” болдогтой холбоотой юм.

Есөн жилийн тэртээ энэхүү зусланг санаачлан, Ажаа Рэнбүчигийн дэмжлэгээр, анх зохион байгуулж байхад Монголд төрж өссөн, АНУ-д ирээд удаагүй, монгол хэлээ бараг мартаагүй хүүхдүүд ирдэг сэн. Тийм хүүхдүүдэд бол бид монгол хэлийг нь сэргээн сануулахаас гадна монгол бичиг, түүх соёлын хичээл заадаг байв. Тэгвэл сүүлийн үед дандаа АНУ-д төрж өссөн, эндхийн сургалтын системээр хүмүүжсэн хүүхдүүд ирэх болсон тул монгол хэлийг яг эхнээс заах хэрэгтэй болж байна. Өөрөөр хэлбэл АНУ-д ирж суурьшсан монголчуудын хоёрдугаар үеийнхэн эхэлж байна гэсэн үг. Тэртээ зуун жилийн өмнө ирсэн хятад, солонгос, Азийн бусад улсынцагаачдын хойч үеийнхэн өнөөг хүртэл эх хэлээ ч мартаагүй, эдний хэл соёлыг ч сайтар эзэмшчихсэн амжилттай явахад бид дөнгөж хоёрдахь үеэсээ эхлэн хэл соёлоо алдаж эхлэх юм гэж үү?

Үгүй ээ, чухам үүний л эсрэг, өв соёлоо хадгалахын төлөө эцэг эхчүүд ч чармайн, багш бид ч санаа тавьж буйн илрэл нь энэхүү “Монгол хэл соёлын зуслан” билээ.

 

Таван муж, арван хотын дөчөөд хүүхэд

7 сарын 3-ний өдөр Индиана мужийн Блүүмингтон хотноо орших Төвд-Монголын Шашин Соёлын Төв дээр Иллиной, Миззури, Индиана, Виржиниа, Мариланд  мужийн монгол хүүхдүүд цугласан нь шинэ анд найзтай болох, шинэ юм үзэж, амьдралд суралцах, гол нь эх хэл соёлоо сурах гэсэн жаалууд байлаа. Эхний хоёр өдрөө нэг нэгнээсээ бишүүрхэнгүй, томоотой нь аргагүй байсан хүүхдүүд гуравд ахь өдрөөсөө эхлэн нүүр хагарч, үймүүлэн хөгжилдөж, бужигнан баясаж, инээлдэн нөхөрлөж эхэлсэн юм. Хамгийн бага нь Виржиниа мужаас ирсэн зургаан настай охин, хамгийн том нь Миззуригаас ирсэн 15 настай охин байв.

 

Монгол хэлний хичээл

Зуслангийн гол анхаарал монгол хэлээр ярьж сурахад чиглэгдэж байв. Ерөнхийдөө хоёр төрлийн хүүхэд байна. Гэртээ монголоор ярьдаг, англиар ярьдаг гэж. Гэртээ монголоор ярьдаггүй хүүхдүүдэд монголоор мэндлэх, сонин сайхан асуун ярилцах, өөрийгөө болон гэр бүлээ танилцуулах зэргийг заасан бол бусдад нь дуртай зүйл хоббигоо ярих гэх мэтчилэн илүү гүнзгийрүүлсэн хичээл заав. Ямар ч байсан зуслангийн бүх хүүхэд том хүнтэй “Сонин сайхан юу байна? Тайван сайхан” гэж хоёр үг солилцоод байхаар, нэгнээ найтаавал “Бурхан өршөө” гэж ерөөгөөд байхаар боллоо.

 

Монгол дуу

Уламжлал ёсоор шинээр ирсэн хүүхдүүдэд “Бөөн баяр”, “Тавтай нойрсоорой“, “Хэрвээ сайхан амьдарч байвал” зэрэг дууг заасан бол эдгээр дууг мэддэг хүүхдүүдэд “Халуун элгэн нутаг”, “Төрийн дуулал”,   “Ээж минь дээ (Жавхлангийн Сүүмийх зэрэглээнд)” зэрэг дууг заасан юм. Төрийн дууллаа том багагүй бүгд дуулж сурсан нь олзуурхмаар явдал боллоо. Учир нь зуслангийн дараахнаас Наадам эхэлсэн, хүүхдүүд маань байгаа байгаа газрынхаа Наадмын нээлт дээр зүрхэндээ гараа аван, Төрийн дууллаа гүн хүндэтгэлтэйгээр даган дуулж байгаа харагдсан шүү.

 

Спорт, урлаг, бусад арга хэмжээ

Хүүхдүүдийнхээ дунд хөлбөмбөг, сагсан бөмбөг, шатар, даам, монгол бөхийн тэмцээн зохион байгуулж аваргыг нь шалгаруулав. Мөн зураг урлал, монгол бичгээр “Монгол” хэмээн бичиж сурах, бууз хийх гэх мэт хичээл ч заалаа. Нэг сонирхолтой, шинэлэг арга хэмжээ нь бүх хүүхэд “Монголын Нууц Товчоо”-г уншиж дуусгасан явдал боллоо. Хүүхдэд зориулан хялбаршуулж, англи-монгол тэл хэлээр бичсэн уг ном 60 бүлэгтэй ч хүүхдүүд маань сонирхон уншсаар 3 хоногт дуусгасан билээ.

 

Багшийн сэтгэгдэл

Зуслангийн багш Э.Гантулга хүүхдүүдтэй ажиллаж буйнхаа талаар Нүүр номдоо ийм сэтгэгдэл үлдээжээ.

“…Хүүхдүүд гар утас, ipad, компьютэр, зурагт гэх мэт цахилгаан хэрэгсэлгүйгээр яг л бидний багынх шиг хоорондоо тоглож, амьд харилцаанд орж байгааг харах сайхан байна шүү. Зуслангийн дунд үеэс эхлэн хоорондоо дотно болдог (бага насны дурсамж) тэр л үеийг санагдуулах мэт…

Өдөр өнгөрөх бүр том нь жижгээ энхрийлж халамжилсан хайр бидэнд мэдрэгдэж нэг ёсны бидний гэр бүлийнхнээсээ бусдыг хайрладаггүйг эвдсэн хичээл мэт л байлаа. Аялал үргэлжилж байна. Бид тэдэнд дуу, хөгжим, соёл, хүмүүжил, багаар ажиллах, бие биетэйгээ харьцан тоглохыг зааж байхад тэд бидэнд яаж жинхэнэ БАГГҮЙ хүн байхыг, бас сэтгэлээсээ үйл хөдлөлөө илэрхийлж байхыг зааж байна…”

 

Эцэг эхийн сэтгэгдэл

Тэгвэл зусланд хүүгээ анх удаа илгээсэн эцэг Викторын Пагва ингэж бичсэн байв.

Өнгөрсөн тав дахийн орой хүүгээ зуслангаас аваад буцаж явахад, хүү маань нэг СД гаргаад хөгжимд хийлээ. “Хөлтөй хөөртэй өдөр өнгөрч, …” гээд л эхэллээ. Нэг мэдсэн хүү бид хоёр хоёул дагаад дуулж явна. Монголоор бараг юу ч ярьж чаддаггүй хүү минь бидний багадаа пионерийн зусланд дуулдаг байсан дууг өөрийнхөө хэрээр л дуулаад байна. Сайхан санагдлаа. Гэртээ ирээд багачуудын бөхийн барилдаанд түрүүлээд шагнуулсан гээд бор уутнаас бага саг амттан энэ тэр гаргаад дүү нартай өгч байх юм. Дайны олзноосоо хуваалцаж байгаа нь тэр. Бодвол дүү нараа хөөрхөн санасан биз. Пүүгээгээ задаллаа. Аяны цүнхээ онгойлголоо. Аминдаа л хувцас хунараа эвтэйхэн эвхээд хийчихэж. Гэртээ бол “нөү” шүү дээ.
Ерөнхийдөө миний хэлэх гэсэн санаа бол бяцхан хүү минь их юм сурсан байна. Монголынхоо талаар илүү ихийг мэддэг болж. Олон сайхан шинэ найз нөхөдтэй болж. Гэрээсээ хол ганцаараа олны дунд явж сурч байна. Хүний нутагт яваа бидэнд ийм боломж тэр бүр олдоод байхгүй. Энэ боломжийг гаргаж өгсөн багш нар, тогооч, Монгол Соёлын Төв, Төвд-Монголын Шашин Соёлын Төвийнхөн гээд бүх хүмүүст бид бүхэн баярлалаа!”

 

Өрсөлдөөн шударга биш, гэхдээ бууж өгч болохгүй

Өмнө дурдсанчлан зуу илүү жилийн өмнө АНУ-д ирж суурьшсан хятадууд хятад хорооллоо хот бүрд бариад хятад хэлээрээ ярьсаар байна. Тавь илүү жилийн өмнө ирсэн мажаарууд мажаар хэлээ мартаагүй байна. Учир нь цаад улсынх нь Засгийн газар нь гадаад дахь иргэдээ хэл соёлыг нь хадгалах, эх нутгаа гэх сэтгэлийг нь үргэлж хурцалж байх тодорхой бодлоготой, төсөвтэй байдаг ажээ. Олон сая хүн амтай, хөрөнгө мөнгөтэй тийм улсуудтай бор зүрхээрээ хэдэн багш, цөөн эцэг эх өрсөлдөх үнэхээр хүнд байна. Гэлээ гээд бууж өгч лав болохгүй. Дэлхийн өнцөг булан бүрд, монгол хүний хөл хүрсэн газар бүр монгол хэл дуурсаж, монгол соёл цэцэглэж,монгол гал голомт бадарсаар байх болно.