2017

АНУ дахь монгол хүүхдүүд монгол хэл бичгээ сурав

 

АНУ дахь Монгол Соёлын Төв, Индиана мужийн Блүүмингтон хот дахь Төвөд Монголын Шашин Соёлын төвтэй хамтран жил бүр Монгол хэл соёлын зуслан ажиллуулдаг билээ. АНУ-д төрж өсөж буй монгол хүүхдүүдийн монгол хэл соёлыг үл мартуулах, монгол хүн болгон хүмүүжүүлэх зорилго бүхий уг зуслан 11 дэх жилээ дараалан амжилттай хичээллээд Долоодугаар сарын 23-ны өдөр өндөрлөлөө. Энэ удаагийн зуслангийн онцлох сониноос тоймловол:

 

Хоёр ээлж

Анх 11 жилийн тэртээ энэхүү зусланг санаачлан, хүүхдүүдээ өг гэхэд монголчууд маань ихэд гайхан, ойлгодоггүй байлаа. Бид үр хүүхдээ англи хэл сургаж, Америкт сургах гээд дөнгөж аваад ирсэн байхад та нар яагаад монгол хэл заана гээд байгаа хэрэг билээ гээд л. Америк сургуульд яваад хүүхэд англи хэл соёлыг дороо сурна аа, монгол хэл л тун удахгүй асуудал болно шүү дээ гэж хэлээд нэмэргүй, сүүлдээ найзуудаа гуйж ятгаж байж хэдэн хүүхэд олсон дээр алсыг харсан цөөхөн эцэг эх хүүхдээ өгч байж билээ. Одоо тэгтэл эцэг эхчүүд ухамсартай ч болж, эх хэл соёлоо эрхэмлэх ч болж, үр хүүхэдтэйгээ үнэхээр ойлголцохгүй хэмжээнд хүрэх вий гэж эмээдэг ч болж. Ингээд жилийн жилд зусланд ирэх хүүхдийн тоо нэмэгдсээр энэ жил анх удаа түүхэндээ хоёр ээлж хичээллүүлж үзлээ. Эхний ээлжинд бага насны хүүхдүүдийг авч монгол кирил бичиг заасан бол хоёр дахь ээлжний, том хүүхдүүдэд монгол бичиг заасан юм.

 

“Шилдэг”-ээс ирсэн шилдэг багш нар

Энэ жилийн хувьд бас нэг онцлог нь Монгол улсаас мэргэжлийн багш нарыг урьж багшлуулсан явдал болов. Монгол Соёлын Төв Улаанбаатар хотын “Шилдэг” дунд сургуультай албан ёсоор хамтран ажиллаж, тус сургуулийн бага ангийн багш Ганзоригийн Дэлгэрзаяа, монгол хэлний багш Боргилын Төмөртогоо нарыг Индиана мужид урьсан нь маш оновчтой шийдэл болж, хүүхдүүдийн сургалт хүмүүжилд ашиг тусаа өгөв. Мөн бид Улаанбаатар Гадаад хүнд монгол хэл заах аргын сургалт семинар явуулж, тэнд ирсэн багш нараасаа шалгаруулан, ХААИС-ийн багш, доктор Чимэдцэеэгийн Хуланг урьснаар энэ жил ийнхүү мэргэжлийн гурван багштайгаар ажиллалаа.

 

Монгол бичиг

Бид олон жил Америк пахь хүүхдүүдийг монгол хэл, кирил бичгээ сайн сурсных нь дараа монгол бичиг заана хэмээн хүлээсээр ирсэн юм. Гэтэл энэ төлөвлөгөө бүтэхгүй нь тодорхой болсон тул 2016 оны зуслангаас эхлэн ахлах насны хүүхдүүдэд монгол бичиг зааж эхэлсэн билээ. Өнгөрсөн жил монгол бичгээ эхлүүлсэн хүүхдүүд энэ жил бүх үсгээ дуусгасан, шинээр ирсэн хүүхдүүд на, ма, ла, ба, ра гийгүүлэгчийг дуустал үзсэн нь долоохон хоног гэхэд том амжилт юм. Монгол хүүхдүүд ухаантай, шинэ хэл биш учраас монгол бичгээ маш хурдан сурч байна. Бас нэг зүйл нь угаас эдний багаасаа үзсэн англи хэлний хувьд дуудлага  бичлэг нь ихэд зөрдөг тул яриа бичиг нь өөр байна гэх гомдол огт гарахгүй нь давуу тал байлаа. Мөн монгол бичгийг монгол гэрт заасан нь бэлгэтэй урамтай сайхан явадл болов. Бид Аянчин компанийн үйлдвэрлэсэн аяв явахад эвтэйхэн аяны гэрийг АНУ-д авчирч, монгол бичгийн анги болгон тохижуулсан юм.

 

Монгол хэл

Монгол хэлийг бид тусгайлан заахаас гадна ерөөс зөвхөн монголоор ярьдаг орчин бүрдүүлэхийг хичээдэг юм. Үүний тул багш нар бүгд англи хэл мэдэхгүй дүр эсгэнэ. Ялангуяа гал тогоонд ажиллаж буй хүмүүс англиар огт ойлгохгүй царай гаргах нь үр дүн ихтэй. Учир нь хүүхдүүд “Ус ууя”, “Нэмүүлье”, “Алим идье” гэх мэт аминд тулсан хэрэгцээгээ яаж ийгээд заавал хэлэх хэрэгтэй болно. “Ээжтэйгээ утсаар нэг ярья, тэгэх үү” гэж монголоор гуйлгах ч бас зүгээр. Ийм орчинд долоо хоноход өнөө монгол хэлгүй гээд байсан хүүхдүүд чинь ярьж гарна шүү дээ. Хэлний идэвхгүй мэдлэгийг идэвхтэй мэдлэг болгон, амь оруулж байгаа л хэрэг юм.

 

Шинжлэх ухааны хичээл

Манай зуслан дээр Хойт Америкийн Цахим Өртөө байгууллага, Ай Би Эм (IBM) компанийн монгол инженерүүдтэй хамтран STEAM (Science, Technology, Engineering, Art and Math) шинжлэх ухаан технологийн сургалт зохион байгууллаа.

Н. Баасандорж тооцоолуур мэдээллийг хэрхэн хайдгийг, эрэмбэлсэн ба эрэмбэлээгүй мэдээллийн ялгааг тайлбарлав. Үүний тул эхлээд хориод хүүхэд гаргаж эгнүүлэн зогсоогоод тэр дотроос тодорхой хүүхэд олохоор болов. Түшиг гэсэн нэр аваад тэр хорин хүүхдээс олохоор мэндэлж эхэллээ. “Сайн байна уу, намайг Баасандорж гэдэг” гэхлээр нөгөө хүүхдүүд нь эргүүлж мэндлээд, нэг талаас энэ нь бас монгол хэлний болж байлаа.Ингээд 12 удаагийн мэндчилгээгээр 42 секундэд Түшигийг олж авлаа. Анар гэж хүүхдийг 10 удаагийн мэндчилгээгээр, 32 секундэд олж авав. Дараа нь харин хайх аргаа өөрчлөв. Үүний тул хүүхдүүдийг нэрсийнх нь эхний үсгээр, цагаан толгойн дэс дарааллаар зогсоолоо. Ингээд ЭРЭМБЭЛСЭН хайлт хийх болов. Энэ удаад Намуунсолонго гэж хүүхдийг олох даалгавар өгөв. Баасандорж инженер эхний мэндчилгээгээр дунд хавиас нэг хүүхэдтэй мэндлэхэд Мандуул таарав. Энэ нь Мандуулаас өмнөх бүх хүүхэд Намуунсолонго биш нь тодорхой гэсэн үг. Бүгдийг суулгалаа. Хагас нь хэрэггүй болсон гэсэн үг. Үүний дараа нэг хүүхэдтэй мэндлэхэд Сүндэрээ таарсан тул түүнээс дооших хагасыг мөн хасав. Ингээд үлдсэн хагас дотроос 3 дахь удаагийн оролдлогоороо Намуунсолонгыг оллоо. BINARY SEARCH гээч нь тэр ажээ. Ер нь юм хайх хүн эрэмбэ дараатай бол амар олддог юм байна шүү.

Э.Жагдагдорж сүүлийн үед зөвхөн компьютерийн шинжлэх ухаанаар хязгаарлагдахгүй өөр бусад олон салбарт түгээмэл хэрэглэгдэж буй agile development буюу хийж байгаа зүйлсээ өмнөх алдаанаасаа суралцан байнга сайжруулах аргын талаар цаасан онгоцыг хэрхэн сайжруулж, хамгийн хол нисгэх жишээн дээр тулгуурлан заалаа.

Миззуригийн их сургуулийн профессор Я. Борчулуун хүүхдүүдэд computational thinking буюу тулгарч буй асуудалд шийдэл олохын тулд алхам алхмаар бүх процессыг тунгаан бодох, түүндээ тохирох алгоритм бичих аргыг танилцуулсан юм. Таван багийг 20 минутын хугацаанд ажиллуулаад таван төрлийн хоол хийдэг роботын санааг гаргууллаа. Монгол хэл соёлын зуслан тул хүүхдүүдэд алгоритмаа монгол хэлээр бичих даалгавар өгсөн юм. Тэр дунд “чимх давс,” “есийн тос” гэх мэт үгс хэрэглэсэн байсан нь Америкад төрсөн хүүхдүүд гэхэд их сонин байв. Богино хугацаанд хурдан сэтгэж хөөрхөн өвөрмөц робот бүтээх төлөвлөгөөгөө бүгд идэвхтэй танилцууллаа. Дараа нь алдаагаа засан, алгоритмоо улам сайжруулж, нэгэндээ зөвлөсөөр процесс бүрийн талаар тунгаан бодож сурсан юм.

 

Чөлөөт цаг, дуу бүжиг, тоглоом

Зуны амралт учраас хичээлийг бас хэмжээтэй өгөх хэрэгтэй. Монгол хэл, монгол бичиг гэж залхмаар юм байна гэсэн сэтгэгдэл төрүүлж болохгүй. Сагсан бөмбөг, воллейбол, хөлбөмбөгийн тэмцээн хийж, монгол дуу, бүжиг, мөн ёога зааж өгөв. Хүүхдүүд маань бүгд Сүүн далай ээж, Амин хайртай аав, Халуун элгэн нутаг дууг дуулж, Задгай цагаан, Хүмүүн төрөлхтөн бүжиж сурлаа. Мөн бүгд хамтдаа кино үзэж, усан санд ханатлаа тоглоцгоов. Монгол найз нартай болно гэдэг манай зуслангийн бас нэг зорилго. Америк дахь монгол эцэг эхчүүд хүүхдүүдээ “монгол хүнтэй суугаарай” гэж захих загнах хослуулан хэлдэг юм. Нэг ч монгол найзгүй, монгол хэлгүй өсгөчхөөд гэнэт тэгж загнаж болохгүй биз? Тиймээс үр хүүхдэдээ тийм орчныг бүрдүүлж өгөх нь бидний нэг үүрэг юм.

 

“Дүү яасан” хэмээх дүгнэлт

Зуслан тарах болж эцэг эхчүүд ирж хүүхдүүдээ авлаа. Нэг охин ээж дээрээ гүйж очсоноо “Дүү яасан?” хэмээн монголоор асуухад ээж нь гайхан баярласандаа бараг уйлахаа шахав. Анх удаагаа охин нь ээжтэйгээ монголоор ярьж байгаа нь энэ гэнэ. “Охинтойгоо монгол хэлээрээ ярих чинь ямар сайхан юм бэ?” гэхэд нь нүдпэнд нь нулимс цийлэгнэнэ.  Ердөө л энэ юм. Үүний төлөө л бид 11 жил хөдөлмөрлөж байгаа юм.